"Ньюанс" хамтлагийнхан Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-03

Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган шагнасныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Алтанцэцэг, тус яамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн  Б.Батсүрэн, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Г.Гантулга, Дорнод аймгийн ахмад багш Д.Цэрэнханд нар шагнагдлаа. 

Алтан гадас одонгоор Монгол Улсын Боловсролын их сургуулийн химийн багш Д.Баяраа, Хэнтий аймгийн ахмад багш М.Намдалдагва, Монголын усан будгийн холбооны зураач Д.Батнасан, Оюуны-Ундраа цогцолбор сургуулийн ахмад багш Г.Батчулуун, Монголын Консерваторын нягтлан бодогч Д.Болормаа, Монголын боксын холбооны тамирчин Ц.Мөнхчулуун нар шагнагдлаа.

Хөдөлмөрийн хүндэт медалиар ДБЭТ-ын дэргэдэх "Ньюанс" хамтлагийн дуучин Б.Боргилчулуун, Д.Өнөрбаатар нар, Салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн математикийн багш Ч.Батгэрэл, Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач, уран бичигтэн Ц.Бямбажав, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багийн албаны мэргэжилтэн С.Батжаргал БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Г.Батнэмэх нарыг шагналаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг “Эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй олон жил ажиллаж төрийн дээд одон медалиар шагнагдсан та бүхэнд баяр хүргэе. Мөн монгол түмний уламжлалт сар шинийн баярын мэндийг давхар хүргэе. Гарч буй гахай жилдээ амжилтаа улам бүрэн бататгахыг хүсэн ерөөе” гэлээ.