БНХАУ-ын Элчин сайдын яамнаас сүрьеэгийн эсрэг төсөлд зориулж, 100 мянган юань хандивлажээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-02-26

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд хүмүүнлэгийн ажлаараа “Шилдэг-20”-д шалгарсан Э.Энхриймаа нь “Сүрьеэгүй Монгол” төслийг санаачилж, өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн сайн дурын ажлууд тасралтгүй явуулсаар байгаа аж. Энэ хүрээнд тэрбээр сүрьеэ өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг улс орон даяар эрчимтэй нэвтрүүлж, НҮБ-ын индрээс мэдэгдэл хийсэн БНХАУ-ын тэргүүн хатагтай, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн сайн санааны элч Пэн Лиюаньд хандаж, төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг хүссэн захидал бичиж хүргүүлжээ.

Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань “Сүрьеэгүй Монгол” төслийг дэмжиж, мисс Э.Энхриймаад хариу захидал илгээн, 100 000 юаний тусламж үзүүлснийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Шин Хайминаар итгэмжлүүлэн гардуулж өгөхөөр болсон байна. Уг арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү болон албаны бусад хүмүүс байлцах талаар мэдээлжээ.