В.Путин Алла Пугачевад 70 насны ойн баярын мэнд хүргэжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-04-15

Оросын эстрадын домогт дуучин Алла Пугачева өчигдөр 70 насны босго алхлаа. Тэрбээр 1949 оны дөрөвдүгээр сарын 15-нд Москва хотноо төржээ. ЗХУ-ын Гавьяат жүжигчин А.Пугачева 70 насныхаа ойн тоглолтоо энэ сарын 17-нд Москвагийн Кремлийн ордонд тоглох бөгөөд энэ нь түүний сүүлчийн тайз байх гэнэ. Тоглолтын талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “70 нас хүрч байгаа хүн эрүүл мэндээ бодох хэрэгтэй шүү дээ. Энэ тоглолтоо юун түрүүнд хүүхдүүддээ зориулж байна. Үүнээс хойш би дахин тайзнаа гарч зүрхлэхгүй. Тоглолт хийх чинь маш хэцүү ажил. Гэхдээ хэзээнээс би ам барьж сураагүй болохоор ойн тоглолт дээрээ амьдаар дуулах болно” хэмээсэн байна. 

ОХУ-ын Төрийн шагналт дуучин бүсгүй орос, англи, герман, франц, иврит, фин, украин хэлнээ 500 гаруй дуутай, 20 гаруй цомог гаргажээ. Дашрамд дурьдахад, түүний нас нэмсэн баярыг ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин хуваалцаж, баярын цахилгаан илгээсэн байна.