Үгэн сумт үзгэн зэвсэгт сэтгүүлчдийн салаанд нэгдсэн минь

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-02

Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Үгээ хэлж, үзгээ шүүрсэн мэргэжил нэгт нөхдийн мэндчилгээ өглөөнөөс хойш хөвөрч, сэтгэл хөдлөн энэ их айлын босгоор алхан орж байсан үеэ уяран дурслаа. Яг одоо би сэтгүүлч болж, анхны мэдээгээ бичиж байсан редакцидаа сууж байна. Одоогоос зургаан жилийн өмнө “Монголын мэдээ” сонины энэ редакцид анхны дадлагаа хийхээр ирж байлаа. Тэр өглөөний шуурхайг одоо ч сайн санадаг юм. Анхны дадлага, анхны шуурхай, анхны сурвалжилга. Хэвлэлийн шар хуудаснаа миний нэрээр хаягласан анхны материал гарсан өдөр. Уран зохиолын ангийн оюутан учраас тав гурван үг холбоод зохион бичлэг биччихдэгээ сэтгүүлч болсонд тооцон сээхэлзэн ирсэн надад тэр өглөөний шуурхай сүрдмээр, бахархмаар, бас хэзээ ч хүрч чадахгүй хэт хол санагдаж байсныг мартдаггүй юм. Дадлагын будилуу сурвалжлагчид “зовлон” их.

Оюутны дотуур байр, сургууль хоёроос өөр давж гарсан маршрут байхгүй надад энд тэнд хэвлэлийн хуралд очих хүртэл тэр үедээ л хүнд даваа байдаг сан. Түгшиж бас догдлон хүлээж байсан анхны сурвалжлага минь онц авсанд урамшин, уран зохиолын шүүмжлэгч мэргэжлээс хадуураад сэтгүүлчийн ажил хийх болсон минь ийм эхлэлтэй. Энэ мэргэжилд дурлах болсон бас нэг шалтгаан анхны томилолт. Таван толгой дахь олон улсын цэргийн хээрийн сургалтаас сурвалжилга бэлтгэх үүрэг аваад, сонгогдсондоо эрэмшин нисэх шахам дэгдсээр сэтгүүлчдийг авч явах унаанд сууж билээ. Цэргүүдийн амьдралаар сурвалжилга бэлтгэнэ гээд өөрийгөө “Суварган цэнхэр уулс”-ын сурвалжлагч Солонго мэт төсөөлсөн “их юм” санаж явсан нууцаа ч энэ өдөр дэлгэмээр санагдав. Цэргийн дарга нараас яриа авч байх үед ч толгойд зөвхөн би сэтгүүлчдийн багийн нэг гишүүн гэсэн дэврүүн бодол салахгүй байсныг мартдаггүй билээ.

Цэргийн хээрийн сургалтын талбайд хар, шар арьстай гадаадын хоёр цэрэгтэй авахуулсан зургаа фэйсбүүтээ нийтэлж, сэтгүүлчийн ажлаараа гангарч байсан юм. Томилолтын багийнхны татуулсан зургийг “Үгэн сумт, үзгэн зэвсэгт сэтгүүлчдийн холимог салаа” гэсэн гарчигтайгаар цахим хуудастаа нийтэлж, сэтгүүлчийн ажлаараа гоёж байсан минь саяхан. Догдолж, бас битүүхэн түгшсээр анх орж ирсэн энэ их айлын нэгэн эд эс болж, сэтгүүлчийн ажлаараа гоёж явна. Нисэх шахам догдлох мянга мянган өдрүүд өмнө минь байгааг бодохоор дуулмаар сайхан санагдах. Үгэн сумт, үзгэн зэвсэгт сэтгүүлчдийн салааныханд халуун баярын мэнд хүргэе.