Н.Наранцэцэг нам гүмхэн туурвиж явна

Ц.ЭНХТҮВШИН
2019-05-20

1980-аад оны дунд үед Улсын драмын эрдмийн театрт  Нямцэрэнгийн Наранцэцэг, Самбуугийн Сарантуяа, Дашгүнтэвийн Энхтуяа, Д.Долгорсүрэн  гээд л хэдэн сайхан залуу бүсгүйчүүд сургууль төгсөөд ирчихсэн ид бүтээж, туурвиж байсан үе. Тэдэнгүй жүжиг ч гэж бараг үгүй байлаа. Тэр үед бас Монголын үндэсний телевизээр алдарт Донровын Намдагийн “Шинэ байшинд” жүжиг гарч үзэгчдийн сонирхлын татаж байв. Энэ жүжигт өнөө алдарт “муухай” Пүрэв,  Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Д.Мэндбаяр зэрэг тайз дэлгэцийн одуудтай хамт нэгэн залуухан бүсгүй “ана мана” тоглож,  үзэгчдийн хайр хүндэтгэлийг татаж байсан нь Нямцэрэнгийн Наранцэцэг байлаа. Наранцэцэгийг “Залуу хүн гэхэд их дайчин, юм юманд овсгоотой. Гол нь маш их сэтгэл сайхантай охин шүү...” хэмээн Монголын урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч МУГЖ Банзрагчийн Тунгалаг гуай магтсан байдаг юм. Магтаал гэдгийг магад сайн даах нь хувь хүн бүрийн өөрийнх нь онцлог, хүний нуруунаас хамаарах болохоос хэн дуртай нь ч магтаад, хэн хүссэн нь магтуулаад байдаг зүйл бус ажээ. Тэгвэл Н.Наранцэцэг оюутан байхаасаа л удирдсан багш Ц.Раднаагаар “хатуу боловч үнэн” үг сургаалтай нь хамт урмын үгээр угжуулж, байсан тухай хамт төгсөгч нөхөд нь дурсана билээ.

Улсын багшийн дээд сургуулийн драмын ангид суралцаж, дөнгөж төгсөөд удаагүй байсан түүнийг цаг үедээ “Театрын хаан” шахуу явсан алдарт найруулагч Г.Доржсамбуу өөрийн найруулан тавьсан хэд хэдэн жүжигтээ сонгож тоглуулсан нь Н.Наранцэцэг гэдэг жүжигчин хэн бэ гэдгийг харуулсан үзүүлэлт юм.  Тэрбээр үүнээс бүр өмнө оюутан байхдаа ТВ-ийн анхны уран сайхны кино Ч.Чимэд гуайн зохиол “Арын албаныхан”-д тоглож байжээ. Телевизийн буурал хэмээх Содномын найруулсан бүтээл шүү дээ. Э.Оюуны “Гарваа” жүжгийг үзэх бүртээ Д.Энхтуяа, Н.Наранцэцэг нарын бүтээсэн  Цээлээ, Үзмээ хэмээх хоёр дүрийг хайрладаг. “Гарваа” жүжиг бол цаг үеийнхээ жинхэнэ толь болсон гайхалтай уран бүтээл. Түүнд Д.Мэндбаяр, Д.Сосорбарам, Ч.Найдандорж, Л.Нямсүрэн гээд жинхэнэ аваргууд тоглосон. Тэр дунд Нараа маань нам гүмхэн бас ажилласан. Тэр “Би тийм дүр бүтээсэн” хэмээн хөөрцөглөх хүн лав биш. Харин “Аз таарч нэг тийм бүтээл дээр ажилласан” гэж л ярина. Ийнхүү Н.Наранцэцэг жүжигчин нам гүмхэн хэр нь чамлалтгүй олон бүтээлд тоглож амжжээ. Д.Батбаярын “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгийн алаг нүдэн, 1986 онд “Сувдан Сондор” жүжгийн Мэри, 1987 онд “Буцах хаяг” жүжгийн Солонгын дүрийг амилуулсан юм. Түүнийг сүүл үеийн үзэгчид бас “Гал хам” киноны Дэлгэр­ээр андах­гүй. Хөдөөгийн нэг эгэлхэн бүсгүй мөрий­тэй тоглоомд донтсон нөхрийнхөө хийсэн гэмт хэргийг үүрч шоронд ордог тэр л дүрийг бүтээсэн жүжигчин.  

Хувь заяаны эргүүлэг хэнийг ч хааш нь ч шидэж болох ч эцсийн дүндээ хүнээрээ байж чадсан гайхалтай бүсгүйн дүрийг Дэлгэрээр дамжуулан Н.Наранцэцэг шагласан байдаг. Алдарт найруулагч Ц.Наваан гуайд тоогдоно гэдэг томоохон хувь юм.  Ер нь монголын тайз дэлгэцийн томоохон найруулагч нарт Н.Наранцэцэг жүжигчин маш их тоогддог. Найруулагч Ц.Навааны “Гал хам” кинонд тоглосноос гадна Найруулагч-зураглаач Л.Шаравдоржийн “Хүслээр болдоггүй хорвоо”, МУУГЗ найруулагч Л.Эрдэнэбулганы “Чин ван Ханддорж”, найруулагч Ж.Бунтарын “Халаасны өрөө” зэрэг хэд, хэдэн кинонд тоглосон юм. Н.Наранцэцэг жүжигчин төдийгүй найруулагч хүн. Дэлгэцийн бүтээлд тоглохын дээр Оросын холбооны улсын /Ленинград/Петербург хотноо  Театр, кино, хөгжмийн академийг  1988-1993 онд суралцаж, найруулагчаар төгсч магистр хамгаалсан шаргуу нэгэн. Энэ академийн найруулагчийн ангийг “Улаанбаатар” телевизийн захирал Лхагвадоржийн Балхжав, Нямцэрэнгийн Наранцэцэг хэмээх хоёрхон монгол төгссөн юм шүү дээ. Шалгуур өндөртэй сургуулийн босгыг тэр болгон нь даваад, төгсөөд байдаг ч юм биш.

Тэрбээр дипломынхоо ажлыг Японы “ Тогорууны өд” хэмээх домгоор хийж бас нэгэн зүйлийг анх туршсан нь кварцын гэрлийг ашигласан явдал байв. Энэ жүжгийн талаар тухай үед Япон улсаас сууж байсан Элчин сайд ихэд үнэлж, шүүмж хүртэл бичиж байжээ. Дараагийн найруулсан жүжиг  дэлхийн хамгийн урт нэртэй жүжиг хэмээгддэг “Ааваа ааваа хөөрхий дөө. Аав минь та ээжийн хувцасны шүүгээнээс хэзээ гарч ирэх бэ” хэмээх сонин нэртэй аме­рик жүжгээ Улсын драмын театрын тайзнаа тавьж уг жүжгийн  Ардын жүжигчин С.Сарантуяа,  МУГЖ  Ц.Төмөрхуяг нар гол дүрд нь тоглож байжээ. Найруулагчийн хувьд бас л шинэлэг, сонирхолтой бүтээл болсон тухай баахан шуугисан юмдаг. Зөвхөн энэ жүжиг драмын театрын тайзнаа 20 удаа тоглогдсон гэсэн статистик тоо байдаг юм билээ. Тэгэхээр Нараа найруулагч ер нь л часхийсэн найруулагч юм байна. Түүнчлэн, нэрт найруулагч МУСГЗ Ч. Гомбо гуайтай хамтарч найруулсан “То Ван” кино нь “Гоо Марал” хүртсэн байдаг. Н.Наранцэцэг ер нь урлагийн бүхий л чиглэлээр нэвт мэргэшиж буй хүн гэдгийг энд нэмж хэлэх нь зүйтэй байх.Тэр Австрийн Салцбург хотод Олон улсын урлагийн менежментийн чиглэлээр хоёр жил суралцсан. Энэ бүгдийг олж мэдэх гэж их л хичээл зүтгэл гаргав. Учир юу вэ гэвээс, Н.Наранцэцэг тэр бүрий өөрийн тухай яриад байдаггүй, дэндүү нам гүмхэн амьдардаг хүн юм. 

Ажлын шаардлагаар гэх үү, уншигчдын хүсэлтээр гэх үү Н.Наранцэцэг хэмээх энэ авьяаслаг жүжигчин, найруулагч бүсгүйн  “эрэл”-д өнгөрсөн өвлөөс “мордсон” юм. Өөрөөр хэлбэл, түүнийг хүндэлдэг олон арван үзэгчдийн хүсэлтээр эрэлд мордсон хэрэг. “Мөн ч их хүлээсэн дээ” гэдэг шиг мөн ч их хайсан даа. Хамгийн гол нь түүнийг “олсон”. Тэрбээр өдгөө Герман улсад аж төрж байгаа. Нараа маань сайн сайхан явна. Уран бүтээлээ ч туурвиж байгаа гэж хэлж болно. Хамтран ажиллаж байсан болон ер нь л урлагийнхны тухай олон сайхан баримтыг гаргахаар сэтгүүлчийн ажил хийж буй гэж хэлж болно. Удахгүй нэгэн дэлгэцийн бүтээл гаргахаар Бельги улсад ажиллаж буй мэргэжил нэгт Б.Батбаяртайгаа хамтран ажиллаж байгаа талаар надад бас мэдээлэл ирлээ. Н.Наранцэцэг маань Германы Кельн хотын Их сургуульд Докторын зэрэг хамгаалах гэж хүсч байсан ч  хүүхдээ асрах шалтгаанаар түр хойшлуулжээ. “Ээж байх сайхан” гэх түүний үгээр энэхүү тэмдэглэлээ өндөрлөе. Ээж байх сайхан шиг эх орондоо маш их хэрэгтэй  жүжигчнээ Монголын үзэгчид, тайз, дэлгэц нь хүлээж байгаа шүү.