Ерөнхий сайд мото парадад оролцоно

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-08

Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш болох “Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлтэд оролцож, мотоцикл унан парадаар явах гэнэ. Тэрбээр мото спорт сонирхогч гэдгээрээ хэдийнэ танигдсан нэгэн юм.

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред фалконс” ТББ-уудтай хамтран дөрөв дэх жилдээ “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг энэ сарын 9-10-ны амралтын өдөр зохион байгуулахаар болсон байна. Тус наадамд ОХУ, БНХАУ зэрэг хэд хэдэн орны мото тамирчид оролцохоор хүрэлцэн ирсэн бөгөөд маргааш Сүхбаатарын талбайд болох нээлтэд 790 гаруй мотоциклчид оролцох аж.   

Тэд Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдлөх юм байна.