“Монголын үндэсний балет” улсын III уралдаан маргааш эхэлнэ

O.Admin
2019-06-06

МУГЖ, “Монголын балетийн хөгжлийн сан”-ийн тэргүүн Д.Алтанхуяг маргааш болох  “Монголын үндэсний балет” улсын  III уралдааны талаар “Үндэсний мэдээллийн төвд” мэдээлэл хийлээ. “Монголын үндэсний балет” улсын III уралдааныг энэ сарын 8, 9 нд  Монголын Баллетийн хөгжлийн сан, БСШУСЯ ивээл дор, Соёл урлагийн газар, Балетийн зохион байгуулах хороо хамтран Монголын хүүхдийн ордонд зохион байгуулах ажээ. Тэмцээнд энэ жил 170 гаруй хүүхэд оролцох бөгөөд 6 насны ангиллаар 2 үе шаттайгаар өрсөлдөх юм байна.  

Хэвлэлийн хурлын үеэр МУГЖ, “Монголын балетийн хөгжлийн сан”-ийн тэргүүн Д.Алтанхуяг “Энэ жил Улаанбаатар хотоос гадна Дарханаас олон баг оролцож байгаа нь балетийн урлагаар сонирхон хичээллэгчид нэмэгдэж байгааг харуулж байна. Энэ тэмцээнд амжилттай оролцсон шилдэг оролцогчдыг энэ оны долдугаар сарын 30-аас наймдугаар сарын 4-д болох Шямыний олон улсын балетийн анхдугаар тэмцээнд оролцуулна. Бид зардлыг нь даах юм.  Монголд зохион байгуулагдаж буй балетын хоёр том тэмцээний нэг болох энэхүү тэмцээнд жилээс  жилд оролцох бүжигчдийн тоо болон тэдний ур чадвар нэмэгдэж байна. Бид балетын урлагаар дамжуулан урлагийн боловсрол бүхий залуучуудыг гаргах зорилготой ажиллана” хэмээн ярилаа.

Тус уралдааны Ерөнхий шүүгчээр Төрийн шагналт,  АЖ Б.Жамьяандагва ажиллах бол шүүгчээр балетын гоцлооч А.Өлзий-Орших, СУИС-ийн багш Д.Алтантуяа нар ажиллах аж. Мөн  Япон улсаас Олон улсын баллетийн дэд ерөнхийлөгч Наоми Морияма, БНХАУ-с Шанхай хотын үндэсний балетийн сургуулийн  төгсөгч Шао Зи Жун нар шүүгчээр ажиллах юм байна. 
 

А.Баяржаргал