ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нар хил давж зугтсан уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-01

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улс төрд суудалтай болсон “ШИНЭ” намын даргын хувиар цаашдаа долоо хоног бүрийн даваа гарагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж байхаар болжээ. Тэрбээр, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал хүргүүлээд буй 17 шүүгч, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нарын асуудлаар мэдээлэл өглөө.

Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “УИХ-ын нэр бүхий таван гишүүн найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх бичгээ тодорхой баримттайгаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн.

Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүс гадагшаа зугтаж гарлаа гэдэг мэдээлэл орж ирж байна. АТГ-аас Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг авчрахаар ажиллаж байгаа юм байна. Энэ хүмүүс ирж шалгуулна уу гэж урьж байна. Мөн ажлаасаа чөлөөлөгдсөн 17 шүүгчээс нэр бүхий шүүгч хил давж гарсан гэж байна. Нэр бүхий шүүгчийн мэдээллийг би Засгийн газраас авсан.

Хилийн хориг яаралтай тавих ёстой юм. Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон эдгээр хүмүүст яаралтай хилийн хориг тавина уу гэж Улсын дээд шүүхэд хүсэлтээ хүргүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хулгайлсан, иргэнээ эрүүдэн шүүсэн Ц.Элбэгдоржийг яаралтай эрэн сурвалжилж, Монголд нь авчрах. Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг мөн эрэн сурвалжлах ёстой гэсэн бичгийг хуулийнханд явуулж байна. Миний бие сүүлийн өдрүүдэд Монголбанкны Ерөнхийлөгч болон Засгийн газрын сайдуудтай уулзлаа.

Монгол Улсын хамгийн том асуудал нь саарал жагсаалт болж байна. ФАТФ-ын асуудал анхаарал татаж эхэллээ. Мөнгө угаасан нэг ч гэмт хэргийг манайх шийдээгүй учраас саарал жагсаалтад оруулна гэж байна. Тиймээс энэ хуулиа хэрэгжүүлэх ёстой гэж шаардаж байна” гэв.