ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд үг хэлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-16

УИХ-ын хаврын чуулган долдугаар сарын 05-ны өдөр хаалтаа хийж, мөн тухайн өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гарган, ээлжит бус чуулганыг нээсэн юм. Улмаар үндэсний их баяр наадмын өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг дэд хороодын хуралдаан үргэлжилж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган анхдугаар хурлаа хийж байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэхтэй холбогдуулан, нэмэлт өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлнэ. Мөн Үндсэн хуулийн зургадугаар сарын 28-ны өдөр гаргасан гуравдугаар дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм.

Цэц нь дунд суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэж, Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан.

Тэгвэл Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм. Тэгвэл чуулганы хуралдаанд байнгын хороодын санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.