ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

 “Дэглий цагаан” нисэх буудлын явгалах замыг өргөтгөлөө

O.Admin
2019-08-23

Монгол улсын алс баруун хязгаар Увс аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Дэглий цагаан” нисэх буудлын явгалах замыг өргөтгөх барилгын ажил хийгдэж, 2019 оны 08-р сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ. Мөн энэ үеэр “Дэглийн цагаан” нисэх буудлыг Олон улсын боомт бүхий нисэх буудал болгох тухай шийдвэрийг танилцуулж, шийдвэрийг хүлээлгэн өгсөн байна.

Тус нисэх буудлын явгалах замыг өргөтгөх барилгын ажлын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцлоо.

“Дэглий цагаан” нисэх буудлын явгалах замыг өргөтгөх барилгын ажлын гүйцэтгэгчээр “Увс-АЗЗА” ТӨХК ажиллаж, өнгөрсөн 07 дугаар сарын 29-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн юм.

“Дэглий цагаан” нисэх буудлын хувьд нислэгийн эрчимжилт өндөртэй, жилийн туршид тогтмол нислэгтэй байдаг нисэх буудлуудын нэг бөгөөд явгалах замыг өргөтгөснөөр 3С ангиллын буюу 100 хүртлэх суудалтай дунд болон бага оврын агаарын хөлгийг хүлээн авахад  ямар нэгэн саадгүй болж, техникийн нөхцөл сайжирч байгаа юм. Ингэснээр сүүлийн жилүүдэд тус аймагт тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа гадаад дотоодын аялагчид, бизнессийн байгууллагууд болон хойд хөрш, азийн бусад улсуудын авиакомпаниудаас ирж буй ачаа тээврийн болон зорчигч тээврийн  арилжааны болон захиалгат нислэг хийх үйл ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Цаашид  Монгол Улсын Засгийн газар, ЗТХЯ, ИНЕГ, НБУГ-ын дэмжлэгээр “Төрөөс иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор тус нисэх буудлыг хөгжүүлж 4С ангилалтай нисэх буудал болгон өргөтгөж, олон улсын статустай болгох төслүүд үе шаттайгаар хэрэгжиж байгаа юм.