ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Техникийн саатал гарсан нь хорлон сүйтгэх ажиллагаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-08-29

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх учиртай УИХ-ын ээлжит бус чуулган гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хоёр хоног хойшилсон билээ. Өчигдөр 10.00 цагаас хуралдахаар тов зарласан ч 13.00 цаг өнгөрч эхэлсэн юм. Улмаар, 60 орчим гишүүд ирсэн учраас хэлэлцүүлгийг эхлүүлж, Зөвшилцлийн ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцүүлгээс гаргасан санал дүгнэлтийг танилцуулав. Санал дүгнэлтийн дараа гишүүд үг хэлэх болсон ч техникийн асуудал үүсч, бүх гишүүдийн микрофон ажиллахгүй болжээ. Үүнээс болж, чуулганы танхимд маргаан үүслээ. УИХ-ын дарга “Дөнгөж ирцээ бүрдүүлээд хурал эхлэх гэхээр ийм асуудал үүслээ. Хорлон сүйтгэх ажиллагаа явагдаад байгаа юм уу.

Ард түмэн баялагтаа эзэн байхыг хүсч байна. Шударга ёсыг хүсч байна. Ирцээ бүрдүүлж асуудлаа хэлэлцэе” гэв. Харин үүнд нь эрх баригч намын гишүүн Ц.Даваасүрэн бухимдаж “Ард түмний нэр барьж худлаа ярьдгаа боль. Тэнгэр бурхан хүртэл цаанаас нь зохицуулаад хэлэлцүүлэхгүй гээд байгаа юм биш үү” хэмээн бухимдав. Мөн сөрөг хүчний гишүүн Б.Пүрэвдорж эрх баригч намыг ирцээ бүрдүүл хэмээн шахаж байлаа. Ингээд хуралдаан түр хугацаанд завсарлаж, техникийн асуудлаа засаад дахиж хуралдахаар болов. Гэсэн ч техникийн асуудал хариуцсан дарга нь ажлаасаа гараад алга болсон байсан бөгөөд санаатайгаар ийм үйлдэл хийгээд гарсан уу гэдгийг Тагнуулын байгууллага шалгаж байна гэлээ. 

Харин удтал хайсны эцэст түүнийг бусдад зодуулаад ажилдаа ирээгүй гэх мэдээлэл ч гарлаа. Хуралдаанаас гарч ирсэн АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Ирцээ эрх баригч нам бүрдүүлэх ёстой. Бид зөвшилцлийн ширээний ард суусан. Өөрсдийн зүгээс санал бодлоо ч хэлж, саналаа хүргүүлсэн. Гэвч эрх баригч нам хүч түрж асуудалд хандаж байгаа. Гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол холимог тогтолцоог Үндсэн хуульдаа тусгаад хэлэлцээд явах ёстой. Гэтэл тэгэхийг хүсэхгүй байна шүү дээ. Хэлэлцүүлэгт оролцож, өөрсдийн саналаа хэлнэ. Цаашдаа энэ гацаа хэдий болтол үргэлжлэхийг хэлж мэдэхгүй юм. Эрх баригч нам хариуцлагатай баймаар байна” гэлээ. Хуралдаан түр хугацаанд завсарлаж, үдээс хойш эргэж хуралдсан юм. Эрх баригч нам дотооддоо хоёр хуваагдсанаас үүдэж, чуулганы хуралдаан гацсан гэх яриаг батлах мэт анхны хэлэлцүүлгийн үеэр асуудлаа ярилцаж байсан гишүүд хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр өмнөхөөс шал өөр зүйл ярьж эхлэв.

Хуулийн төсөл танигдахын аргагүй өөрчлөгджээ гэх асуудлыг тавьж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан шүүхтэй холбоотой заалтууд өөрчлөгдөж, хараат бус байдал алдагдсан гэх шүүмжлэл хэлэв. Харин ЕТГ-ын дарга З.Энхболд та хуулийн төслөө уншаагүй бололтой. Ерөнхийлөгч шүүхтэй холбоотой заалтыг илүү боловсронгуй болгож оруулж ирсэн. МАН-ын бүлгийн өргөн барьсан төсөлд ч байсан хэмээлээ. Энэ мэтээр гишүүд заалт нэг бүрээр ярилцаж, санал шүүмжлэл ч өрнүүлж байсан бөгөөд хамгийн их бухимдалтай гишүүн нь Ц.Даваасүрэн байв. Дугаар шилжих мөчид чуулган хуралдсаар байсан юм.