ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: Дөрвөн хүн тутмын нэг нь намын харьяалалтай байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-29

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асууж байна. 

Д.Лүндээжанцан: Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн санаад одоогийн хуульд ч бий. Энэ заалтыг бид тэнгэр харж байгаад оруулчихаагүй. Нам олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээлэн биелүүлнэ гэж одоогийн Үндсэн хуульд бий. Үүний дагуу нам олдон нийт эвлэлдэн нийлэх эрхтэй. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг дэлхий нийтийн жишиг. Зөвхөн орон нутаг юм уу шашны хүрээнд үйл ажиллагаа явуулахгүй шүү гэсэн санаа. Бодлогын үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулна гэсэн санаа юм гэдгийг хэлье. Тэгэхээр одоогийн нам эвслийг шахсан зүйл байхгүй. Нам бол сайн дурын уран сайхан биш. Ямар ч нам улсын хэмжээнд бодлогын үйл ажиллагаа явуулах ёстой гэдгийг анхаарах ёстой. 

М.Билэгт: Хөдөө орон нутаг, суманд намд хуваагдчихсан бие биерүүгээ хялааж байна.  Урд нь хөндөөгүй заалт орж ирсэн байна. 

Ц.Цогзолмаа: Монгол Улс цаашид парламентын засаглалыг төлөвшүүлье гэж байгаа бол парламентад суудалтай байгаа намуудын төлөвшлийг энэ хуулиар илүү тодорхой болгож өгөх ёстой. Намуудын үйл ажиллагаанд гэрэл гэгээ тусгасан зүйл хийж өгөх юм сан гэсэн чармайлт байгаа гэж ойлгож байгаа. Гишүүдийн хэлж байгаагаас харахад энэ олон улс төрийн намууд цаашдаа яаж үйл ажиллагаа явуулах юм бэ. Намуудад үнэт зүйл болох үзэл баримтлал нь тодорхой болж чадаж байна уу. Улс төрийн нам байгаа бол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чадвартай байх ёстой. Сонгуульд хэдэн хүний санал авснаар нь төсвөөс санхүүжүүлдэг сайн жишиг байна.  

Л.Мөнхбаатар: Миний зүгээс хуулийн төслийг сайжруулах чиглэлд 15 зарчмын зөрүүтэй санал гаргасан. Тухайлбал намуудын үйл ажиллагаатай холбоотойгоор нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахыг Үндсэн хууль заахаар оруулж байгааг дэмжихгүй байна. Тиймээс хасах санал оруулсан. Одоогийн улс төрийн намууд аймаг намын хороотой, суманд мөн намын хороо багуудад намын үүр ажилладаг. Өөрөөр хэлбэл энэ нь маш нүсэр бүтэц. Гэтэл Үндсэн хуулиар нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж тусгавал одоогийн намуудын үйл ажиллагааны нүсэр бүтцийг хуульчилсантай адил болж хувирна. Энэ нь улстөржилтийг улам дэвэргэж жижиг намуудын хөгжлийн төлөвшлийг хаана. Улс төрийн олон намын тогтолцооныхоо эсрэг заалт оруулж болохгүй. Мөн эвлэлдэн нэгдэх гэсэн суурь үзэл баримтлалтай зөрчилдөж байна. Улс төрийн сонгуулиудад оролцдоггүй зэрэг асуудлыг Сонгуулийн тухай хуулиараа зохицуулах бүрэн боломжтой. Тэгэхээр би энэ заалтыг хасах саналтай байна.

Л.Энх-Амгалан: Хөдөө орон нутагт намчирхал хэрээс хэтэрсэн. Эхнэр нөхөр хоёр дуугарахаа больёон. Ах дүү нар таарахаа байсан. Тэр бүү хэл сумын дэлгүүрүүд хүртэл намын харьяалалтай болчихсон. Хүмүүс өөрийнхөө намын харьяаллын дэлгүүрт ордог болсон. Дөрвөн хүн тутмын нэг нь намын харьяалалтай байна. намын хатуу гишүүнчлэлээс үүдэн талцал хуваагдал гараад байгаа юм. 

Д.Оюунхорол: Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг саналыг дэмжиж байна. Өнөөдрийн нийгэмд улс төрийн намуудыг үнэлэх үнэлэмж, иргэдийн хандлага ямар болсныг, нийгмээ хэрхэн хагалан, хувааж байгааг, улстөрчид ёс суртахууны доройтолд хэрхэн орсныг харж байна. Тиймээс улс төрийн намуудын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, санхүүжилтийг олон нийтэд ил тод болгох зэрэг асуудлыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай. Ер нь намуудад тавих шаардлагыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагаар нь харахаас өөр аргагүй.

Д.Хаянхярваа: Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдгийг дэмжихгүй байна. Маш олон нам бий болно. Нам болон төрийн ажил ойртож байна. Хэт хутгалдах боллоо.

О.Баасанхүү: Нам салбараас хамаарахгүй бодлогоо улсын хэмжээнд явуулна гэж байна. Жишээ нь утааг шийднэ гээд нэг нам мөрийн хөтөлбөртөө орууллаа. Энэ нь улсын хэмжээний асуудал мөн үү гэдэг асуудал яригдана. Улсын хэмжээний асуудал мөн юм бол яаж улсын хэмжээнд явуулах вэ гэдэг асуудал болно. 800 хүнийг 50 мянга болгож байна гэдэг нь 50 мянган хүнээ маллах ажил гарна. Ингээд сумын хэмжээнд намын үүртэй байх хэрэгтэй болно. Суманд улс төржилт явагдж эхэлнэ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.