ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг дэмжсэнгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-29

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Нам иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн төслийн заалттай холбогдуулан гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 83,9 хувиар тус заалтыг дэмжсэнгүй. Уг заалтыг МАН-ын бүлгийн хувьд дэмжээгүй, харин ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар төслийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг тусад нь хэлэлцүүлэхгүй төслийн заалт, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулна гэж заасан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн юм. Мөн тэрбээр "Техникийн хэлтсийн даргыг орцонд нь үл таних хоёр хүн зодсон тул өнөөдөр ажилдаа ирэх боломжгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Техникийн саатлыг холбогдох газрууд шалгаж байгаа” гэлээ.

Л.Энх-Амгалан: Авлигын эх үүсвэр улс төрийн намуудад байна. Улс төрийн намаа зөв төлөвшүүлж байж монголын ардчилал зөв төлөвшинэ.

Д.Оюунхорол: Нам улс төрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдгийг дэмжиж байгаа. Улс төрчдийн ёс суртахууны асуудал доройтож байгаа энэ цаг үед намуудыг төлөвшүүлэх, хариуцлагажуулах асуудлыг үндсэн хуульд оруулж өгөх нь зөв. Улс төрийн намд тавигдах шаардлагагыг улсын хэмжээнд явуулж байгаа үйл ажиллагаанаас нь харах боломжтой. Аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг намуудыг тусад нь бүртгэх боломжтой. Намын хэв маяг улам нарийсч хүчээ авч байгаа. 

Х.Бадельхан: Бид дэлхийд улс төрийн намын тоогоор тэргүүлж байна. Намууд дэндүү улс төржиж байна. Ажил, томилгоо бүгд намаас шалтгаалж байна. Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах нь зөв. Санхүүжилт нь ил тод байх ёстой. Намын хатуу гишүүнчлэлтэй байна гэдэг муу. Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, гэхдээ гишүүнчлэлгүй байх нь зөв. Ингэж байж өнөөдрийн нөхцөл байдлыг шийдвэрлэж чадна. 

Н.Оюундарь: АТГ-аас гаргасан судалгаанаас үзэхэд авлига, хээл хахууль гэх мэт бүх болохгүй бүтэхгүй зүйлс намчирхалтай холбоотой байна гэж байгаа. Тэгэхээр санхүүжилт нь ил тод байх ёстой. Санхүүжилт нь ил байна гэдгийг зааж өгч байгаа нь давуу тал. 

Д.Хаянхярваа: Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэснийг дэмжихгүй байгаа. 365 суманд 365 нам байгуулагдах нөхцөл бүрдэнэ. Нам төрийн ажил ойртож байгааг шүүмжлэх болсон. Энэ талаас нь харвал уг заалтыг дэмжих боломжгүй.

Ж.Батзандан: Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг дэмжихгүй байна. Энэ нь баг, сум бүрт намынхаа хороог байгуул гэдэгтэй агаар нэг. Үндсэн хуулийн нэг л буруу үг, өгүүлбэр цааш буруу үр дагаварт хүргэнэ шүү. Монголчууд цаашаагаа нам төвтэй нийгэм рүү явах уу эсвэл иргэн төвтэй нийгэмтэй байх уу гэдгээ шийдэх цаг болсон. Хэрэв улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулбал нам төвтэй тогтолцоо цааш үргэлжилнэ гэсэн үг. Монголчуудыг намаар нь хагаралдуулдаг намчирхсан нийгмийн тогтолцоо руу орно. Үүнийг зогсоох нь бидний зорилго гэж харж байна.

Ж.Мөнхбат: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь үндэсний зөвшилцлийн асуудал. Улс төрийн намтай холбоотой асуудалд бид сайн бодох хэрэгтэй. Янз бүрийн заалт оруулж ирж бужигнуулах хэрэг байна уу, хүссэн, эс хүссэн Монгол Улс нам төвтэй улс болох алхам руу орох заалтыг оруулаад ирлээ.

Үүгээр чуулганы хуралдааныг 15 цаг хүртэл түр завсарлууллаа.