ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилсээр байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-30

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Тодруулбал, УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төслийн “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн заалтыг хэлэлцсэн юм. Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж хуульчлах нь намчирхал, талцлыг улам дэвэргэнэ гэж гишүүдийн олонхи нь үзэж, энэ заалтыг эсэргүүцэв. Тэд улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох зэрэг бусад асуудлыг дэмжиж байгаа хэдий ч нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, гишүүнчлэлийн хатуу босго тогтоох шаардлагагүй гэж үзсэн юм.

Учир нь намын гишүүнчлэлийн тоог хатуу тогтоох нь 330 сум,1660 баг, 160 хороодод намын нэгж байгуулах, түүнд ажиллах хүмүүсийн цалин хөлс гээд багагүй санхүүжилт шаардагдахаас гадна, иргэдийг улстөржүүлж, ард түмнийг хагаралдуулах байдлыг дэвэргэнэ хэмээн үзэж байгаа аж. Мөн жижиг намуудын үйл ажиллагааг хязгаарлан, шинэ нам байгуулах боломжийг хаасан эрсдэл үүсч болзошгүй хэмээн болгоомжилж байв. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй зарим гишүүд өнөөгийн нийгэмд үүсээд байгаа авлига хээл, хахууль зэрэг сөрөг үзэгдлүүд улс төрийн намаас үүдэлтэй байгаа тухай АТГ-ын судалгааг дурьдаж, намыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж хуульчилбал намчирхлыг улам дэвэргэж, эвдрэл хагарал газар авна гэдгийг онцолж байлаа. Мөн намчирхах асуудал хөдөө орон нутагт хэрээс хэтэрсэн бөгөөд эхнэр, нөхөр хоёр намд хуваагдан хоорондоо дуугарахаа больсон тухай жишээ дурьдаж, дөрвөн хүн тутмын нэг нь улс төрийн намд хамааралтай байгааг онцлов. Тэр бүү хэл орон нутгийн иргэд зөвхөн өөрийн намын харьяаллын дэлгүүрээр үйлчлүүлэх, өөрийн намын хүний ШТС-аас бензин авч байгаа тухай гишүүд жишээ татан шүүмжилсэн юм. Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж хуульчилбал, энэ байдлыг улам дэвэргэх эрсдэлтэй гэж гишүүдийн ихэнх нь үзлээ. 

Харин Д.Оюунхорол, З.Нарантуяа, Х.Бадельхан тэргүүтэй цөөхөн хэдэн гишүүн энэ заалтыг дэмжив. Тухайлбал, Д.Оюунхорол гишүүн хэлэхдээ “Өнөөдөр Монголын нийгэмд улс төрийн намуудыг үнэлэх үнэлэмж буурсан. Нөгөө талаас  улс төрийн намуудын хариуцлагагүй үйлдэл, иргэдээ хагаралдуулж,  улстөрчдийн ёс зүйгүй, хууль зөрчсөн байдал, төрийн доройтолд хүргэснийг нүдээр харж байна. Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлдөө улс төрийн намыг төлөвшүүлэх,  үйл ажиллагааг нээлттэй, санхүүжилтийг нь ил тод болгож, хариуцлагажуулах үүднээс улсын хэмжээнд бодлогоо тодорхойлж, үйл ажиллагаа явуулах зэрэг тодорхой шалгуур, шаардлага тавих шаардлагатай” гэсэн юм.  

Тэгвэл УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Улс төрийн намыг цэвэршүүлье, зарчимтай болгоё гэж бодож байгаа бол улс төрийн намын төлөвшлийг Үндсэн хуулийн зарчимд зайлшгүй суулгах шаардлагатай. Гишүүд үндэсний хэмжээний намыг төлөвшүүлэх асуудлыг шүүмжилж  байна.  Хэрэв үзэл баримтлалгүй, улс орны хөгжлийн алс хэтийн төлөвийг тодорхойлж чадахгүй, үзэл баримтлал нь нийт иргэдэд хүлээн зөвшөөрөгдөхгүй тийм улс төрийн намууд байгаад л байвал  өнөөдрийн улс төрийн намуудын зовлон дуусахгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны ч хэрэг гарахгүй” хэмээн мэдэгдэж байлаа. 

Тэгвэл хуулийн төсөл санаачдагч Д.Лүндээжанцан, гишүүдийн өргөн барьсан төсөлд “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн байгаа. Одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийн арван зургадугаа зүйлийн 10-т “Нам, олон нийтийн бусад бүх байгууллага, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг биелүүлнэ” гэсэн байдаг. Энэ заалтын дагуу улс төрийн нам байгуулах эрх нь нээлттэй. Харин нийгэм, төрийн аюулгүй байдал, түүнийг сахин хамгаалж, хүндэтгэж, хуулийг биелүүлэх үүргийг зааж өгсөн. Тийм учраас нэг заалт болон орж ирж байгаа юм. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг нь дэлхий нийтийн ерөнхий жишиг” хэмээн тодотгов.

Тэрбээр, улс төрийн нам үйл ажиллагаа, бодлогоо улсын хэмжээнд явуулна гэдэг зарчмыг л зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, орон нутаг, шашин, бүлэглэлийн хэмжээнд явцуу үйл ажиллагаа явуулахгүй гэсэн зарчмыг л суулгасан. Энэ заалт орсноор одоо байгаа улс төрийн намуудын үйл ажиллагааг хязгаарлах, тэднийг түрэх зүйл огтхон ч байхгүй, үүнийг мушгиж, гуйвуулахгүй шаардлагагүй гэдгийг гишүүдэд анхааруулав. Мөн тэрбээр, Би үүнийг улайран дэмжээд байгаа юм биш. Тодорхой судалгааны үндсэн дээр бусад улсын жишгийн дагуу одоогийн үйлчилж байгаа улс төрийн намын  тухай хуулийн утга, агуулгыг баяжуулан хөгжүүлэхийн тулд оруулж ирсэн заалт. Нам бол төрийн бодлогод оролцъё, засгийн эрхийг барья гэсэн нэгдэл бөгөөд бодлогоор өрсөлддөг улс төрийн байгууллага. Тиймээс зохион байгуулалт, гол зарчмыг Үндсэн хуульд суулгаж өгөхөөс өөр аргагүй гэж байлаа.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, байнгын хороод болон гишүүдийн зүгээс төслийн талаар зарчмын зөрүүтэй 150 гаруй саналын томьёолол гаргасан байна. Гэвч өчигдрийн чуулганы хуралдаанаар эдгээр саналын зөвхөн нэгийг нь буюу УИХ-ын 62 гишүүний зүгээс өргөн барьсан “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн заалтыг хэлэлцээд үдээс өмнөх хуралдаан завсарласан юм. Энэ хурдаараа явбал 150 саналыг хэлэлцэхэд 50-60 хоног шаардагдана гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сануулж, санал хураалтыг шуурхайлахыг зөвлөв. Чуулганы үдээс өмнөх хуралдааныг чөдөрлөсөн гол шалтгаан нь санал хураалтыг ямар байдлаар зохион байгуулах вэ гэдэг асуудал байлаа. Учир нь лхагва гарагийн чуулганы хуралдааны үеэр техникийн саатал гарч, гишүүдийг эргэлзээнд оруулсан.

Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй зарим гишүүд зохион байгуулалттай ажил гэж үзэж байгаа гэдгээ илэрхийлсэн. Тиймээс санал хураалтыг гар өргөх байдлаар хураая гэсэн горимын саналыг уг хуулийн төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн С.Бямбацогт гаргасан нь гишүүдийн дунд мэтгэлцээн өрнүүлсэн юм. Д.Тэрбишдагва тэргүүтэй гишүүд цахим системд шилжсэн нь олон давуу талыг авчирсан бөгөөд дэвшлээсээ ухрах нь байж боломгүй явдал хэмээн гараар санал хураахыг эрс эсэргүүцэв. Үнэхээр ч гишүүдийн хэлдгээр Монгол Улс эцэг хулиа хэлэлцэн батлах гэж байж техникийн саатлаа шийдэж чадахгүй, гараа өргөөд, тоолоод зогсож байна гэдэг ичгүүртэй явдал болох нь мэдээж. Ингээд удаан мэтгэлцсэний эцэст цахим байдлаар санал хурааж, хэрэв техникийн саатлаас үүдэн өгсөн санал нь зөрүүтэй гарсан бол протокольд тэмдэглүүлж, саналаа хүчинтэй болгохоор тогтсон юм. Ийнхүү “Нам иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн төслийн заалттай холбогдуулан гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 83.9 хувиар тус заалтыг дэмжсэнгүй. 

Харин чуулганы үдээс хойшхи хуралдаанаар үдээс хойш 15:00 цагт эхлэх ёстой байсан боловч дугаар шилжих мөчид ирц бүрдээгүй байсан юм.