ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын бүлэг: Санал асуулгыг Үндсэн хуулийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн саналаар авна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-07

 

УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэхдээ “Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг үндсэндээ дуусч байна. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл болон Ерөнхилөгчийн зүгээс өргөн барьсан төслийг нэгтгэж хэлэлцэж байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгээр ирц их өндөр байлаа. Хэлэлцэж байгаа саналыг 57 гишүүн дэмжиж байж гарч байгаа. ТББХ-ноос 60 зүйлийн 150 санал оруулсан. Эдгээр 60 зүйлийн 34 зүйлийг нь хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжсэн байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан төсөл болон 62 гишүүний өргөн барьсан өслөөс тодорхой зүйлүүд дэмжигдсэн гэсэн үг. Хоёрдугаар хэлэлцүүлэг дуусч байгаатай холбогдуулан МАН-ын бүлэг хуралдсан. Бүлгийн гишүүд 100 хувийн саналаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэдгийг дэмжлээ. Өмнө ард нийтийн санал авсан нь Монгол Улс тусгаар улс мөн үү биш үү гэдгийг баталгаажуулах санал асуулга байсан. Тэгвэл одоо явуулах ард нийтийн санал асуулга бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг батлах санал асуулга байх юм. Өөрөөр хэлбэл Монголын ард түмэн өөрсдөө Үндсэн хуулиа батлах хоёр дахь тохиолдол болж байна. Өнөөдрийн чуулганаар Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон ард нийтийн санал асуулга авах журам батлагдана. Бидний төлөвлөж байгаагаар ирэх долоо хоногт чуулган үргэлжилнэ” гэв.

Тэгвэл ямар ямар заал дэмжигдсэн талаар УИХ-ын гшүүн С.Бямбацогт мэдээлэхдээ “ УИХ-ын 62 гишүүний зүгээс Үндсэн хуулийн 53 зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлсэн. Үүнээс хоёрдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд 34 заалт нь дэмжигдсэн байна. Эдгээр 34 заалтад Ерөнхийлөгчийн болон АН-ын саналууд тодорхой хэмжээнд туссан. Үүнийг ард нийтийн санал асуулгаар хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгчийн зүгээр Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой аливаа оролдлогыг үл зөвшөөрнө. Тусгаар тогнолтой холбоотой асуудлаар санал асуулга явуулахыг хориглоно гэсэн заалтыг оруулах саналыг ирүүлснийг дэмжсэн. Мөн байгалийн баялаг ард түмний өмч байх тал руу чиглэсэн өөрчлөлтийг дэмжлээ. Төрийн нийтийн өмч гэсэн томъёолол орж ирснийг янз бүрийн байдлаар тайлбарлаж байгаа. Энэ нь төрийн нийтийн зориулалттай өмч гэсэн үг. Төрийн нийтийн өмчийг захиран зарцуулахдаа заавал ард нийтийн санал асуулга авдаг байхыг Үндсэн хуулиар хуульчилж өгч байгаа юм. Төрийн хар хайрцагны асуудал Үндсэн хуульд орхигдсон байсныг энэ өөрчлөлтөөр нэмсэн. Төвлөрлийг сааруулах үүднээс орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалт орж байгаа. Ингэснээр тодорхой хэмжээний төсвийг захиран зарцуулдаг байх өөрчлөлтийг орууллаа. Дордохын долоон өөрчлөлт гэж нэрлэсэн өөрчлөлтүүдийг анхаарч, УИХ хэт их эрх мэдэлтэй байгаа байдлыг тодорхой хэмжээнд бууруулах зохицуулалт орсон гэдгийг хэлье.  Ерөнхий сайд УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байж, бусад нь мэргэшсэн сайд нар байх ёстой гэдгийг тусгаж өглөө. Мөн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалтыг Үндсэн хуульд оруулсан нь дэвшилттэй заалт болсон. Мөн хуулийг 39 гишүүнээс дээш тооны гишүүд санал өгснөөр баталдаг болж байна. Төсвийн зарлагыг өргөн мэдүүлсэн төсвөөс нэмэгдүүлэхгүй байх заалт орсон. Энэ мэт УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн 80 орчим хувь нь дэмжигдсэн байна” хэмээн мэдээллээ.

Ард нийтээс санал асуулга авахдаа зөвхөн Үндсэн хуулийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн саналаар авна гэдгийг онцоллоо.