ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН дэмжлэг авсан бүх саналуудаа буцаан татахаар болжээ

O.Admin
2019-09-09

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Мурат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар өнөөдөр Төрийн ордонд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. АН-ын тухайд өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс албан ёсоор гарч байгаа гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн мэдэгдлийн үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орж, дэмжлэг авсан саналуудаа ч мөн татаж буйгаа хэллээ. АН-ын бүлгээс нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн явцад 25 санал хүргүүлсэн бөгөөд эндээс гурав нь найруулгын санал болж, дэмжлэг авчээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүдийн хариуцлагын тухай асуудал болон эргүүлэн татах, орон нутгийн төсөв, өмчтэй холбоотой санал, байгалийн баялаг тэр дундаа үндэсний баялгийн сан байгуулах гэсэн гурван санал дэмжлэг авсныг эргүүлэн татаж байна гэв. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат ярихдаа “Ардчилсан нам сонгодог парламентаа хамгаалах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дутагдаж байгаа саналуудаа оруулахыг хүссэн. Монгол Улс парламентын засаглалтай цаашдаа улам төгөлдөржих боломж манай саналаар хаагдсан. Тиймээс манай нам хэлэлцүүлгээс гарлаа. Нийт 25 санал өгсөн ч дөнгөж гурав нь найруулгын шинжтэй дэмжлэг авсан. АН энэ бүх байдалд дүгнэлт хийсэн. Байр сууриа ч тодорхой болголоо. Манай намын зүгээс тавьсан сонгуулийн тогтолцоогоор холимогийг сонгох, ингэснээр УИХ-ыг сахилга хариуцлагатай, бодлоготой болгох санал гаргасан ч мөн л унасан. Энэ мэтээр маш олон санал уналаа. Мөн шүүхийн хараат бус байдлыг буюу бие даасан байдлыг хангах заалт, сумын Засаг даргыг иргэдээс сонгох заалт уналаа” гэсэн юм.

Мөн АН-ын зөвлөлөөс “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онц байдлын талаар мэдээлэл өгөх, УИХ-ын чуулганд мэдээлэл өгөх ёстой гэсэн албан шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлэхээр болсон аж. Мөн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудлаар ч түүнээс хариулт авахыг хүсч байна гэв.