ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Эрдэнэт" үйлдвэрийн онц байдлын асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-09

Засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 7-ны өдөр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон билээ. Тэгвэл энэ хугацаа өнгөрөөд хоёр хонож байхад хугацааг сунгасан эсэх, мөн цуцалсан талаар ч мэдээлэл өгөөгүй учраас АН-ын дарга С.Эрдэний зүгээс Ерөнхий сайдад асуулга хүргүүлэхээр болсон байна.

Уг санал асуулгыг бүрэн эхээр нь хүргэе.

“Онцгой дэглэм тогтоосон Засгийн газрын шийдвэрийг ЗГХЭГ-ын  дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулахдаа “Улс орны эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд нэн чухал үүрэгтэй Эрдэнэт үйлдвэрт үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх, үйлдвэрллийн хэвийн үйл ажиллагааг хангуулах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч хэвийн үйл ажиллагааг хангах ажлуудыг хийнэ. Одоо бол үйлдвэрийн ТУЗ ажиллахад хүнд байдалтай байгаа. Шүүх дээр асуудалтай байгаа. Үүнээсээ болоод “Стандарт” банкинд төлөх өрийн асуудлыг ч ярьж чадахгүй байна. “Эрдэнэт” үйлдвэр бизнес төлөвлөгөөгөө хэвийн явуулж чадахгүй байдалд хүрлээ. Мөнгө захиран зарцуулах эрх нь ч төвөгтэй байдалтай байгаа” хэмээж байсан.

Гэтэл онцгой дэглэмтэй байх өнгөрсөн хэдхэн сарын хугацаанд 410 тэрбум төгрөгийн буюу 154 сая ам долларын үнийн дүн бүхий 197 гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр шууд байгуулсан талаарх мэдээлэл нийгэмд тархаад байна. Хэрэв энэ үнэн бол “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч хэвийн үйл ажиллагааг хангах ажлуудыг хийнэ гэсэн Таны Засгийн газрын шийдвэрийг мушгин гуйвуулж ажиллаж байна эсвэл эрх баригчид халаасаа зузаатгах ажлаа “Онцгой дэглэм” нэрээр халхавчлан хийж байна гэж ойлгогдох нөхцөл байдал үүссэн байна. Үүнд:

Иймд Улсын Их Хурлын гишүүн миний бие дээрх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараах асуулгыг тавьж байна.
1. 1. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон хугацаанд ажлын хэсэг хэрхэн ажилласан үр дүнгийн талаар;
2. 2. Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын хэрэгжилт ямар шатанд байгаа талаар;
3. 3. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах талаарх мэдээлэл бодитой эсэх, хэрэв сунгах бол ямар шалтгааны улмаас хэдий хугацаагаар сунгах, энэ хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар;
4. 4. Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөж байгаа. Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуульд хэрхэн нийцэж байгаа талаар;
5. 5. Онцгой дэглэм тогтоосон хугацаанд нийт хэдэн төгрөгийн худалдан авалтыг ямар байгууллагуудтай хийсэн, үүнээс хэдэн төгрөгийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулах замаар ямар аж ахуйн нэгж, байгууллагатай хийсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ үү.

Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан хугацаанд бичгээр ирүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” хэмээжээ.