ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ард нийтийн санал асуулгад 29 тэрбумыг зарцуулна

O.Admin
2019-09-09

Энэ сарын 07-ны бямба гарагт буюу мягмар гарагийн ажлын өдрийг нөхсөн билээ. Тэгвэл энэ өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах талаар ярьсан билээ. Тэгвэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжлээ.

Санал асуулгыг аравдугаар сарын 30, 31-ны пүрэв, баасан гарагт явуулах бөгөөд гадаадад ажиллаж, амьдардаг иргэдийн саналыг аравдугаар сарын 19, 20-ны өдөр авах юм байна. Тэгвэл энэхүү санал асуулгад нийтдээ 29 тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоог СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн байнгын хороонд танилцууллаа.

Санал асуулгын төсөв дангаараа 12.6 тэрбум болох ч бүх шатанд санал асуулга зохион байгуулах ЗДТГ-ын урсгал зардлыг тооцож үзээд ийм тоо гаргажээ. Харин энэ мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг нь гишүүдийн дунд ярианы сэдэв болов. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Энэ мөнгийг нөөц сангаас гаргах боломж байхгүй” гэдгийг хэллээ. Мөн энэ өдрийн хуралдаанд ЕТГ-ын дарга З.Энхболд оролцож, “Ард нийтээс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэдгийг асуух тогтоолын төсөл оруулж ирэхээр болсныг хэллээ. Энэхүү тогтоолын төслийг өнөөдөр өргөн барих аж.