ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Сүржин бичлэг цацдаг ч сүүлдээ хэрэг нь замхарч байна"

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-13

УИХ-ын даргын захирамжаар хөөн хэлэлцэхтэй холбоотой асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл тус ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг уулзалтад Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ, цагдаа зэрэг хуулийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Мөн УИХ дарга Г.Занданшатар оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын дарга “Төрийн нэр барьсан авлигачдад хатуу хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Сүүлийн үед мэргэжлийн хяналт, гаалийн байцаагч нарын асуудал иргэдийн бухимдлыг төрүүлсэн зүйл их байна. Одоо цаг үе, нийгэм өөрчлөгдөж байгаа. Гар утсаар гэмт хэргийг баримтжуулж, баталгаажуулж байна. Нөгөө талаар хуулийн байгууллагын хийж байгаа ажил олон нийтийн хяналт дор орсон.

Баахан сүр дуулиан болгож, бичлэг цацаад л байдаг ч нөгөө хэрэг нь сүүлдээ замхарчихдаг. Зарим талаар улстөржүүлж байна. Сүүлдээ цуутай хүүхэн хуримгүй гэгчээр алга болдог. Шүүх дээр ч, хууль, хяналтын байгууллага дээр ийм байна гэж бие биерүүгээ чихэээд сууж байна. Хууль дээдлэх ёс зарчмыг дээр, дооргүй хэрэгжүүлж, улстөржихгүй ажиллах шаардлагатай байна” гэсэн юм. Мөн хөөн хэлэлцэхтэй холбоотой заалтыг гишүүдийн зүгээс шүүмжилсэн бөгөөд энэ асуудлыг эргэж ярих ёстой гэв.