ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Эрдэнэболд: Он гарсаар 330 хүн хар тамхины хэрэгт холбогдсон

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-19

Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой хэргүүдийн талаар  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдоос  тодрууллаа.

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танай байгууллагад 60 хүний нэр өгч, шалгуулж байгаа гэж мэдээлсэн. Шалгалтын явц ямар түвшинд явж байна вэ. Зөрчил илэрсэн үү?
-Шалгалт үргэлжилж байгаа. Шалгалтын ажил явж байгаа учраас энэ талаар мэдээлэл өгнө. Гэмт хэргийн онцлог гэж бий. Бид хэрэг нотлогдоогүй үед хэн гэдэг хүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлж болохгүй. Нотлогдсон үед л мэдээлэл өгөх боломжтой. Мэдээж ямар нэг асуудал байгаагүй бол шалгалт явуулахгүй. Тэгэхээр ямар асуудал байсныг тогтоохоор ажиллаж байна.

-Сар гаруйн өмнө шалгаж байгаа гэж байсан. Шалгалтын ажил хэзээ дуусах бол. Хэзээ энэ талаар мэдээлэл өгөх вэ?
-Хэзээ гэдгийг урьдчилан хэлэх боломжгүй. Ном журмын дагуу шалгаад явж байна.

-Он гарсаар хар тамхитай холбоотой хэд хэдэн хэрэг гарлаа. Энэ төрлийн гэмт хэргийн талаар статистик мэдээлэл өгөөч?
-2019 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энэ төрлийн 170, хөдөө орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгдсэн.  Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн байна. 2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь  19-35 насны залуус байгаа юм. Мөн 17 буюу 5.1 хувь нь 15-18 насны хүүхдүүд байна. 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд байх жишээтэй. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдсоноос  47 нь буюу 14.2 хувь нь давтан үйлдсэн байгаа юм. Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, тодорхой ажил арга хэмжээнүүдийн зохион байгуулж байна. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр зарим этгээдүүд “Монгол Улс хар тамхины хэрэглээг зөвшөөрөх ёстой” гэсэн пост мэдээлэл оруулж байна. Монгол Улс хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг хуулиар хязгаарласан учраас ийм үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хатуу тэмцэх болно. Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудыгаа хар тамхи, мансууруулах бодисоос хамгаалахын тулд идэвхтэй тэмцэнэ. Дэлхий даяар хар тамхины эсрэг, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх сургалтыг хийж байна. Хар тамхины эрэлт хэрэгцээг байнга ажиглаж, хэрэглээг бүх төвшинд хязгаарлаж уриалга гаргаж байгаа.

-Хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн 14 хувь нь давтан үйлдсэн байна гэлээ. Тэгэхээр давтан үйлдүүлэхгүй байхын тулд яах ёстой вэ. Хууль эрхзүйн орчныг чангатгах хэрэгтэй юу. Хар тамхи хэрэглэсэн бол шийтгэх ял нь хөнгөдөөд байна уу?
-Ер нь хэрэглээг хязгаарлах үйл ажиллагаа гэдэг нь хэрэглэсэн бол дахиад битгий хэрэглэ, хэрэглээгүй бол хэзээ ч бүү хэрэглэ гэж байгаа юм. Мансууруулах бодис хэрэглэсэн хүн ял аваад явдаг хууль тогтоомж манай улсад байхгүй. Эрүүгийн хуулиар Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, тээвэрлэсэн, хадгалсан, зарж борлуулсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Хууль тогтоомжийн хувьд цаашид юуг засаж сайжруулах вэ гэдгийг бид судалж байна. Гэхдээ цагдаагийн байгууллага гэдэг хууль хэрэгжүүлдэг байгууллага болохоос биш хууль тогтоодог байгууллага биш. Бид шаардлагатай саналыг хүргүүлдэг. 

-Гадны оронд манай улсын хэчнээн иргэн хар тамхины хэрэгт холбогдсон байдаг вэ. Дипломатуудын хэрэг юу болсон бэ?
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 45 иргэн хилийн чанадад хар тамхины хэргээр ял эдэлж байна. Үүний 44 нь БНХАУ-д байна. Тэдний дунд ялын дээд хэмжээ авсан хүн ч бий. 

-Саяхан манай улсад багшилж байсан гадаадын иргэн хар тамхины хэрэгт холбогдсон. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Хэргийг шалгаж байгаа. Хар тамхи хэрэглэдэг байсан нь тогтоогдсон. Шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэрэгтэй холбоотойгоор ерөнхий боловс­ролын сургуульд багшил­даг багш, ажилчдаас тест авахаас өөр аргагүй болж байгаа юм. Бидний хүүхдийг ямар хүмүүс хүмүүжүүлж байна вэ гэдгийг нь энэ хэргээс харахад мэдэх аргагүй байна.