ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилал надад алдаатай бичих эрх олгосон

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-20

Саяхан болж өнгөрсөн ардчиллын 30 жилийн ойн баярын арга хэмжээн дээр барьсан асарт “хувьсгалын” гэдэг үгийг “хувьсгалийн” хэмээн  бичсэн харагдсан. Гэвч баяр болдгоороо  болж, ардчиллынхан баярладгаараа баярласан. Ингэж эрх чөлөөтэй, алдаатай бичих эрх чөлөөг ардчилал бидэнд олгосон юм. Энэхүү эрх чөлөө бол жирийн нэгэн бичээчид ховорхон олдох хувь тохиол мэт санагддаг билээ. Зүйрлэвэл, хамгийн их авахыг  хүссэн зүйлээ өөрийн болгосон юм шиг. Үгүй бол дурласан хүндээ хайраа илчлээд сэтгэлээ хөнгөлчхөөд, дуу аялан алхаж яваа  мэт мэдрэмжийг төрүүлдэг юм. Үүний төлөө нисэх ч багадна. Заавал нисэх ч албагүй л дээ. Надтай өнгө ижил энэхүү эрх чөлөөг монголчууд өнөөдөр баяр хөөртэйгөөр эдэлж явна. Саяхан соошлд монгол түм­ний хайр хүндэтгэлийг хүлээ­сэн нэгэн гавьяатын амьдралын хамгийн гэгээн дурсамж, монгол­чуудын сэтгэлийг хөөргөж орхив. Тэрбээр амьдралынхаа гэгээн түүхийг  нүүр номдоо  нийтэлсэн бөгөөд нийтдээ 200-250 үгт багтаажээ.  Энэхүү бичвэрийн 50 хувь нь үг үсгийн алдаатай байв. Харин уншигчид үүнийг үл огоорч, хайрлаж, хүндэлж явдгаа илэрхийлэхийн зэрэгцээ хөгжилтэй түүхийг нь уншсандаа хачин их баярлаж байлаа. Түүний бичсэн гэгээн дурсамжийг уншигчид хэдэн арван мянгаар нь хуваалцаж, бусдад хүргэжээ. Тэр лайк болон сэтгэгдлийн тоо бүүр тасарчихсан. Тоолох ч  юм биш.

Хамгийн гайхалтай нь гавьяатын бичвэрийн алдааг засах, монгол хэлний дүрэм ярих нэг ч уншигч тэнд байсангүй. Харин тэр түүх залуучуудад сургамж болж, хайр ямар үнэ цэнтэйг харуулав. Ямар ч хүний амьдрал  засмал зам шиг дардан байдаггүйг мэдрүүллээ. Түүний гэгээн түүх олон залуусын сэтгэлийг бүлээцүүлж, итгэлийг сэргээсэн нь лавтай. Магадгүй үл ойлголцсон хоёрыг эвлэрүүлж, олон ч гэр бүлийг элэг бүтэн үлдээсэн байх. Энэ нь нийгэмд эерэг хандлагыг төрүүлж, залууст үлгэр дуурайлал болов.  Мөн фэйсбүүкт миний нэг танил бий. Түүний дагагч, фэнүүдийг тоолж баршгүй. Тэр найз  маань амьдралаа  эхлүүл­сэн бөгөөд өөрийн хүч хөдөлмөрөөр өдий зэрэгтэй яваа нэгэн. Тэрбээр  өөрийн  гэсэн компанитай, тогтсон сайхан амьдралтай. Өөрөөр хэлбэл, дутах зүйлгүй нэгэн. Түүний цорын ганц зорилго нь  өөрийн амьдралаар жишээ авч, залууст эерэг хандлагыг түгээхийг, хэвшүүлэхийг хичээдэг.  Хөтөлдөг пэйж нь ч энэ зорилгоосоо хазайж байгаагүй.  Түүний бичсэн бүхэн залууст үлгэр дуурайл болж орчин тойрондоо зөв хандлагыг түгээж байна. Харин бичвэрийнх нь алдааг тоолж суух хүн алга. Залуус үүгээр дамжуулан бусдаас хөдөлмөрлөхийг, бүтээхийг, ажиллахыг суралцаж байна.

Тэд ганцхан үгэнд гудайж, байхгүйн зовлонд дарагдахгүйг зорьж байна. Энэ л хангалттай. Бодит амьдралаас урган гарсан түүх хоосон хуурай лекцээс хэдэн зуу дахин үнэ цэнтэйг батлаад өгөв. Одоогоос хоёр жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр  эрх баригч намын буруу бодлогыг эсэргүүцэж, улс төрийн жагсаал, цуглаан болсон юм. Тэдний барьсан уриа,  лоозон мөн л алдаатай. Гэтэл жагсагчдын алдаатай лоозонг адлахаас илүүтэй төрийн буруу бодлого, шийдвэр жирийн иргэдийг дарлаж байгаа нь үнэн тул эрх баригч нам “хуудуутай” шийдвэрээ эргэж харахаар болж байлаа. Тэр ч бүү хэл шийдвэрээ буцааж, жагсагчдын тэмцэл үр дүнгээ өгч, эрх баригч нам буулт хийсэн юм.  Энэ мэт жишээ  залууст илүү ойр  байх учраас дурьдав. Түүнээс 1991 онд Сүхбаатарын талбайд Ардчиллын алтан хараацай, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нарын нөхөд  ингэж хувьсгал хийгээд, ганц намын тогтолцоог татан буулгаж, “хонхны дуу”-г ингэж  эгшиглүүлж, тасарсан   “танз эргэсэн” “дадада” гэж бичих нь залуу үед дэндүү залхуутай. Үүнийг ном, товхимлоос уншаад мэдэхэд л хангалттай. Магадгүй заримд нь “Эрхий мэргэн харваач”-ийн үлгэр шиг хол сонсогдож байж ч болно.

Аав, ээж, ах эгчийн маань үед сонин хэвлэлд үг үсгийн алдаа гаргавал ажлаасаа халагддаг, арга хэмжээ авахуулдаг байсан гэнэ билээ. Одоо бол телевизийн титр,  сонины хуудаснаас өдөр бүр үг үсгийн алдаа харж, түүж болно. Хэн ч хариуцлага хүлээж, хэн нэгэнд зэмлүүлэхгүй өнгөрдөг ч байж магадгүй.  Хэрэв бидэнд өнөөдрийнх шиг ийм цаг үе ирээгүй байсан бол надаас эхлээд алдаатай нийтлэлийнхээ төлөө ажлаасаа халагдаж, амьдралаа үүрээд, ах намын зааж өгсөн замаар гэлдрэх байлаа. Намын үнэмлэхээ хураалгачихаад, ажиллах эрхгүй хар дансанд багтчихсан, нийгэмд адлагдаж явах байсан биз. Үүнээс хэлтрэх ч аргагүй. Тийм л хатуу чанга үе. Харин энэ үе алсран одоод  20 жил хол давжээ. Харин би  цагаа олж төрсөндөө одоо ч баярлаж, талархаж  явдаг юм. Энэхүү эрх чөлөөгөө ч гэмгүйхэн эдэлчихдэг, жирийн нэгэн бичээч билээ, би. Энэ бичвэрт маань үг үсгийн алдаа тууж явахыг ч үгүйсгэхгүй, өршөөх биз ээ.