ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монголын “Плутцер”-ээс хошой шагналтан төрлөө

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-30

“Балдорж” сангаас арван нэг дэх жилдээ зохион байгуулсан сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа “Улаан­баатар” зочид буудалд өнгөр­сөн баасан гарагт боллоо.  Сэтгүүл зүйн салбарын хүндтэй уран бүтээлчид, төр нийгмийн зүтгэлтнүүд  нэг дор цуглав.  Бүтээлээ сойсон сэтгүүлчдийн урам зориг,  тэднийг шүүн тунгаах эрхэм шүүгчдийн догдлол, уригдсан олны алга ташилтаар дүүрэн үдэш болж өнгөрөв.

Энэ жилийн “Балдорж-2019” уралдаанд нийт 27 сэтгүүлчийн 61 бүтээл нэр дэвшсэн бөгөөд  өмнөх жилүүдээс онц­лог­той болсон юм. Тухайл­бал, шүүгчдээс гадна зөв­лөх багийнхан сэт­гүүлч­дийн бүтээлийг нэр дэв­шүүл­дэг болсон явдал байлаа. Түүнчлэн шагнал гар­дуу­лах журамд өөрчлөлт орж, “ГранПри”-гаас гадна гур­ван бүтээлийг тусгай байрт шалгаруулдаг болжээ.  Үүгээр “Бал­дорж” шагналын нэр хүнд, үнэ цэнэ улам өсөж,  ир­­сэн бүтээлүүдийн ча­нар ч сайжирч байгааг  ёс­лолын  ажиллагаанд орол­цог­чид онцолсон юм.  

Энэ удаагийн “Балдорж-2019” “ГранПри” шагналыг “Хүрээлэн” төслийн ба­гийн “Калмык их нүүд­лийн мөрөөр”, “Говийн таван гайхам­шиг” нэвт­рүүл­гээр сэт­гүүлч У.Ганбаяр, М.Буян­бадрах нар шалгарч 20 сая төгрөгөөр  шаг­нуул­сан юм. Тэдний хувьд хоёр дахь удаагаа энэхүү шагналын эзэд болжээ.  Харин тусгай байранд,  “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянгын “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” 12 цуврал нийтлэл,

“iKon.mn” сайтын сэтгүүлч, Ерөнхий редактор Ч.Болортуяагийн “Танилц: Одоогоор УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, нэг дэд сайд, ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болоод байна” цуврал нийтлэл,

“Ub.life” сайтын сэтгүүлч Б.Энхцэцэгийн балетчин О.Батсайханы тухай бичсэн “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэл, “Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ” ярилцлага шалгарч тус бүр гурван сая төгрөгөөр шагнуулсан юм. 

Шалгарсан бүтээлүүдийн тухайд...

“Хүрээлэн” төслийн нэвтрүүлэг нь үзэгч олон нийтэд танигдаад даруй зургаан жил болсон. Байгалийн сонирхолтой, хачирхалтай, тайлагдашгүй дүр зураг, улаан номонд орсон ховор ан амьтдын агшныг дүрс бичлэгт буулгаж сэтгүүлзүйн  танин мэдэхүйн үүргийг чадварлагаар харуулж буй. Төслийн багийн уран бүтээлчид байгалийн  хатуу ширүүн уур амьсгалыг  сөрж, араатан жигүүртэн гээд тэр бүр хүн  мал суурьшид  байдаггүй газар, нутгаар эр зориг шаардан энэхүү  нэвтрүүлгээ бэлтгэдэг  гэдгийг шагналын эзэд  онцолж байлаа. Монгол орныхоо онгон зэрлэг байгаль, амьтдыг хамгаалах хичээл зүтгэл, олон нийтийг танин мэдэхүйн чухал үүргийг гүйцэтгэсэн нь тэдэнд Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгох чухал шагналыг хоёр дахь удаа авчирлаа. Тэд өмнө нь багаараа 2014 онд энэхүү эрхэм шагналыг хүртэж байжээ.

Өнөөдөр сонины сэтгүүлч Х.Уянгын “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар  тортгоор дарахаар зэхэж байна” 12 удаагийн цуврал нийтлэл нь Дорноговь аймагт орших Хамрын хийд орчмын газрыг ухахаас  хамгаалж чадсан. Хамрын хийд, энергийн төвийн хажууханд уурхайн кэмп байгуулж, орон нутгийн тусгай хамгаалалттай газраас ашигт малтмал олборлоно гэх асуудлыг  сэтгүүлч Х.Уянга хөндсөнөөр тэндэхийн тусгай зөвшөөрлийг цуцлахад түлхэц болж чаджээ. 

Харин сэтгүүлч, Ерөнхий редактор Ч.Болортуяагийн “Танилц: Одоогоор УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, нэг дэд сайд, ЖДҮХС-гаас зээл авсан нь тодор­хой болоод бай­на” цуврал нийтлэл нь олон нийтийн эг­дүүц­лийг хамгийн ихээр төрүүлж буй сэ­дэв. Тэр­бээр, энэхүү мэ­дээл­лийг гаргахдаа өөрийн эзэмшдэг компаниараа зээл авсан эрхмүүдийг хөрөнгө орлогын мэ­дүүл­гээс нь шүүсэн бол хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан авсан зээлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй 172 мянган аж ахуйн нэгжийн эзэмшигчдээс шүүж гаргажээ. Хууль бусаар зээл авсан УИХ-ын гишүүд, сайд, газрын дарга нар хэчнээн хэмжээний зээлийг хэнд авч өгсөн тухай ч гаргасан. Жирийн иргэдэд олгох ёстой боломжид  төр засгийн томчууд гар дүрсэн хэргийг ил гаргасан нь “Балдорж” шагналыг хүртэх нэгэн том сэтгүүл зүйн бүтээл байлаа. 

Харин “Ub.life” сайтын сэтгүүлч  Б.Энхцэцэгийн балетчин О.Батсайханы тухай бичсэн “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэл, Маршал Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулантай ярилцсан “Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ” ярилцлага нь сэтгүүлчийн ур шингэсэн шилдэг бүтээл болсон хэмээн үнэлэгдэж Балдорж шагналыг  хүртлээ. Түүний хувьд  балетчин О.Батсайханы талаар бичихдээ, сонгодог урлагийн төрөл зүйл болох балет манай улсад мандаж байх үе, тэр дундаа манлайлагч нь энэ хүн  байсан юм гэдгийг гаргаж өгсөн. Балетын урлагийн том төлөөлөл хэдий ч  түүний амьдралын  талаар хажууд  нь хамт оршин тогтнож байсан  юм шиг л тод томруунаар илэрхийлсэн бүтээл аж. О.Батсайхан гуайн тухай судалгааг  маш сайн хийснээс гадна,  тухайн нийгмийн аж байдлыг нүдэнд харагдахуйц дүрсэлжээ. Хөрөг нийтлэлээ үгээр урлаж,  агуулга, найруулга нь сэтгүүл зүйн төгс бүтээл болсон гэж хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Харин Маршал Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулантай ярилцсан “Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ” ярилцлагадаа тухайн ярилцагчаа нээж яриулахын тулд түүнийг  хөтөлж буй асуулт нь сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлд өнгө нэмсэн ярилцлага байв. Монголын түүхэнд томоохон байр суурь эзэлдэг Маршал Х.Чойбалсангийн тухай бидний мэдээгүй олон зүйлийг зээ охиноор нь  яриулж,  хөтөлсөн. Түүнийг сайн удирдагч эсвэл хэлмэгдүүлэлтийн  хар шуургыг дэгдээсэн хүн гэж мэдэхээс биш, хувь хүн талаасаа хэн байв гэдгийн гаргаж ирснээрээ уншигч олныг татжээ. Энэ нь сэтгүүлчийн чадвар, чансааг харуулсан бүтээл  юм гэдгийг  ёслолд  хүрэлцэн ирсэн зочид онцолж байлаа. 

Ийнхүү Сэтгүүл зүйн  салбарын  томоохон  уралдаан  “Балдорж” шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа үр бүтээлтэй болж өнгөрөв. Нийгмийн ийм л сэдэв,  өнцгийг хөндөж олон нийтэд хүргэвэл  сэтгүүл зүйн салбарын нэр хүнд, сэтгүүлчийн  мэргэжлийг өндөрт өргөж явах нь энэ өдрийн ёслолоос харагдлаа.