ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Миний нэг өдөр

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-30

Өглөөний 06:30 цагт сэрүүлэг хангинаж, дуг нойрноос сэрээснээр ажлын нэг өдөр эхэллээ. Хүний эхнэр, хүүхдийн ээж учраас ажил, цэцэрлэгт явах бүх бэлтгэл ажил миний нуруун дээр бууна. Нэг л мэдэхэд 7:30 цаг. Одоо л гэрээс гарахгүй бол ажлаасаа хоцрох тул санд мэнд өглөөний цай уугаад, охиноо аваад гарав. Хожигдож гарсан учраас такси хөлөглөж, 07:45-д цэцэрлэгтээ очлоо. Гэвч 08:00 цагаас өмнө хүүхэд хүлээж авдаггүй учраас 15 минут хүлээнэ.

Ингээд 8:10 цагаас урьтаж автобусны буудал орохоор гүйсэн боловч гар утсаа мартсанаа санаад буцаад гэр рүүгээ харайлгах нь тэр. Ингэж мунгинасаар 08:10 цагийн үед “манай” буудлаас хөдөлдөг Баянхошуу-Геологийн төв лаборатори чиглэлийн автобуснаас хоцорчихов. Жижиг машинд сууж, дамжин суудаг Баянхошууны тойрогт буулаа. Намайг ажлын минь хажууханд хүргэдэг Баруун салаа-Сансарын тойрог чиглэлийн автобуснаас ч хожигджээ. Энэ чиглэлийн автобус 30-40 минутын зайтай, маш цөөхөн явдаг юм. Ингээд 10 гаруй минут хүлээж зогстол ашгүй автобус ирлээ.

Гэвч ямар нэг үзвэр үзэхээр цугласан мэт олон хүн бүгд энэ автобусыг хүлээж байжээ.  Автобус буудалд дөхөж ирэхтэй зэрэгцэн бид дагаж гүйсээр орох хаалганд бужигнасан олны түгжрэл үүслээ. Миний хажуугаар сандран гүйж өнгөрсөн сурагч жаал замын хашлагад бүдэрч, цементэн зам дээр нүүрээ шудран унах нь тэр. Дүрэмт хувцас нь битүү цагаан шороо. Гэвч жаал хүү босож, хөл нь доголсон хэдий ч автобусанд амжиж суухаар тэмцэв. Автобусанд багтахгүй үлдчих вий гэж айсан мэт улайран дайрч байхыг харвал энэ хүмүүс ч гэсэн миний нэгэн адил ажлаасаа хоцорсон бололтой юм. Наашаа, цаашаа, гар, хөлөө хэмээн бие биенээ хажигласан олны дундуур шургалсаар сая нэг автобусанд сууж амжлаа. Харин энэ өглөө аз дутсан 4-5 хүн багталгүй үлдэв. Тэдний дунд 10 орчим настай болов уу гэмээр охин дагуулсан суга таягтай ах байлаа. Автобус бол Монголын нийгмийн дүр төрхийг хамгийн бодитоор харж болох талбар юм.

Тэр бүү хэл хүмүүсийн зан ааш, мөс чанарыг ч эндээс харж болно. Хэдхэн хормын өмнө найз охиндоо хүрмээ нөмрүүлэн зогссон халамжит хархүү таяг тулсан ядарсан эрийг аз дутаж автобуснаас хоцрохгүйн тулд түлхэх шахам дайрч ороод өрсөн сууж байх жишээтэй. Таягт эр хаашаа, юунд тэгтлээ яарч, автобусанд суух гэж тэнхээгээ баран таягдан ирснийг хэн ч мэдэхгүй. Гэвч тэр эрүүл саруул хөлтэй биш учраас хэчнээн хурдалсан ч хаалганы өмнө ирээд сайхан хослолтой “халамжит” хархүүд түлхэгдээд үлдэж байх юм. 

Яагаад ч юм автобусанд суусан хүн бүр бухимдана.  Хөл, гар шүргэх төдийд л хэрүүл гарах нь энүүхэнд. Бүгд адилхан яарч, цагтаа амжих гэсэн хүмүүс атал бие биенийгээ ийн адлах нь гайхмаар. Автобусанд хамгийн жаргалтай явдаг хүмүүс бол дунд сургуулийн охид, хөвгүүд. Зөвхөн тэд л автобусанд инээж явдаг. Ялангуяа охид хоорондоо нандин яриагаа энд ярих нь элбэг. Тэд хөвгүүд ярина, охид гоочилно. Тас тас инээлдэж, “аниа” нарт загнуулна.

Харин дээрэлхүү зорчигчид бол ахмадууд. Ахмад хүнд суудал тавьж өгөх нь соёл гэхээс илүү хууль болжээ. Хөгшид ч ийм л байх ёстой гэсэн хандлагатай. Суудал тавьж өгөөд босож байгаа залууст баярлалаа гэх нь бүү хэл “Удаан бослоо. Хөдөлж ядлаа” хэмээн зандрах эмээ нар  олон. Хөлийг нь амрааж, насыг нь хүндэлсэн залууд чин сэтгэлээсээ баярлах буурай нар ч мэдээж цөөнгүй. Автобусанд амьд харилцаа үүсгэдэг хоёрхон бүлгийн нэг нь ахмадууд. Тэдний хамгийн сайхан чанар нь таньдаг ч бай үгүй ч бай хоорондоо халуун  яриа өрнүүлдэг.

Үр хүүхэд, өвчин зовиур гээд ярих сэдэв өргөн. Хааяа хүн бүхэн ийм байгаасай гэж санагдах үе бий. Дунд сургуулийн сурагчид болон ахмад настнуудаас бусад нь харин амьд харилцаанаас ангид мэт харагдах. Тэд бүгд гар утастайгаа харилцана. Уурлах эсвэл утсаар ярихдаа л дуу гарна. Бүсгүйчүүд ихэвчлэн утсаар “хов базна”. Тэдний ярианаас тухайн хүнийг ямар ажил хийдэг, амьдралд нь ямар асуудал байгаа, хаашаа, явахаар яарч байгаа, тэр бүү хэл юунд дуртай, юунд дургүй гэдгийг нь ч мэдэж болно гэхэд хэтийдсэн болохгүй. 

Яагаад ч юм автобусанд суухдаа хамгийн хойд тал руу нь зүтгэдэг заншлаараа чихэлдсэн олны дундуур зүтгэсээр арын суудлын хажууханд очиж сая нэг байраа олж, тухлав. Гэвч хөл тавих зайгүй шахам чихэлдсэн хүмүүс түлхсээр хагас тонгойсон байдалтайгаар цаг гаруй явж, 09:35 цагт ажлынхааа хажууханд буулаа. Өглөө бага зэрэг бүтэлгүй эхэлсэн ч энэ өдрийн ажил бүтэмжтэй байв.

Нэг өдөрт ярилцлага, сурвалжилга, бас болоогүй хэвлэлийн мэдээ авчихна гэдэг чамлахааргүй бүтээмж шүү. Ажил амжилттай байсанд урамшин, компьютерийнхээ ард суугаад бичиж гарлаа. Ийнхүү 20:00 цагийн орчимд өөрт ноогдсон материалаа бэлэн болгож, дугаар удирдагчдаа хүлээлгэн өгөөд гэрийн зүг яарав. Энэ удаа автобус бус микроавтобусыг сонгов. Учир нь аль болох эртхэн гэртээ харихын тулд автобус хүлээж цаг алдахыг хүссэнгүй. Ажиглаад байхад автобусыг бодвол микронд уур амьсгал арай аядуу зөөлөн байх шиг санагддаг юм.

Ядаж л чихэлдсэн ч гэлээ бүгд суудалтай явж байгаа учраас уур, уцаар бага.  Гэм нь микроавтобус бол найдваргүй. Түгжрэлгүй бол хурдны замд явж байгаа мэт давхина. Хэзээ ч машин нь эвдрээд зогсож мэднэ. Тэд машин нь эвдрэхэд зорчигчдоо хаана ч хамаагүй буулгаж орхидог. Хэд хэдэн удаа би эвдэрсэн микроноос “цөлөгдөж” байсан удаатай. Тиймээс аль болох автобусанд суухыг эрмэлзэнэ.

Энэ удаа “манай” микро нэлээд чамбай жолоочтой байж таарав. Зорчигчдын дунд 1-2 сартай хоёр ч хүүхэд байлаа. Жаахан охин тэвэрсэн халамцуу ах, согтуу найзтайгаа суув. Хүүгээ дагуулсан залуухан ээж ч байлаа. Ихэнх нь хүүхэд тэвэрсэн хүмүүс учраас замын турш яриа тасарсангүй. Охиноо тэвэрсэн халамцуу ах бүсгүйчүүдээс яриа өдөж, “манай” микронд хүүхдийн тухай халуун яриа өрнөв. Охиноо тэвэрсэн ахын согтуу найзыг суулгахгүй гэж кондуктор эгч уурлаж, ээжтэйгээ явсан жаал хүү чипсээ идэж дуусчихаад дахиад идье гэж уйлснаас бусдаар тайван амгалан байлаа. Өдрийн ажилдаа ядарсных уу, микроавтобус дахь уур амьсгал таатай байсных уу өрнөж буй халуун ярианаас гарч нэг мэдэхэд зүүрмэглэж орхисон байлаа. “21 буух уу” гэх кондукторын дуунаар сэрж, тайван алхалсаар гэртээ оров. Автобусан дахь ардын амьдрал ийн өрнөнө. Магадгүй яарч сандран уралдахгүй, автобусанд багтахгүй үлдэх айдасгүй, уур уцааргүй, түгжрэлгүй сайхан нийгэм тун удахгүй ирэх буй за. Маргааш өглөө мөнөөх амжиж суух “уралдаан” намайг хүлээж буй...