ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Жанцан: Эрүүгийн цагдаагийн газарт асуулга өгсөн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-02

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан Польшид эрэн сурвалжилж байгаа албан тушаалтнуудын нэрсийг зарласан. Эдгээр хүмүүсийн тоонд Төрийн ёслолын албаны дарга Х.Жанцан багтсан байгаа билээ. Энэ асуудлаар түүнтэй “Таван үг” солилоо. 

-Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн тоонд та багтсан байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Олон жилийн өмнөх асуудал. Тухайн үед би Эрүүгийн цагдаагийн газарт асуулга өгсөн. Цагдаа шүүх нь  шийдвэрээ гаргах байх. 

-Үнэн гэсэн үг үү?

-2005-2008 онд Брюссель дэх Элчин сайдын яаманд ажиллаж байсан. Тэр жагсаалтад дурдсан байгаа. Тухайн үед Польш улс руу хилээр нэвтэрч, гарч байсан. 

-Таныг эрэн сурвалжлаад, олдохгүй байна гэж байсан шүү дээ. Гэтэл та Төрийн ордонд ажиллаж байна?

-Хариулт өгөхгүй. 

-Та дипломат албанд ажиллаж байхдаа ямар нэгэн асуудалд холбогдож байсан уу?

-Тийм зүйл байхгүй. Үүнийг асуудал болгох шаардлагагүй. Хууль хяналтын байгууллага шийднэ. Олон жилийн өмнөх асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллагынхан бүү хөөцөлдөөч гэж хэлмээр байна.