ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ө.Энхтүвшин:Засгийн газар агаарын бохирдол бууруулах бодлогоос ухрахгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-11

 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулга болох сайжруулсан түлшний талаарх Засгийн газрын мэдээллийг сонсч байна. Асуулгын хариуг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Тэрбээр,

Нийслэлийн 220 мянган өрхтэй бөгөөд нэг өрх жилд дунджаар 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэж байсан нь нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж байсан. Засгийн газраас 2018 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох, агаарын бохирдлыг бууруулах тогтоолуудыг баталж, хэрэгжүүлж байна. Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур байршуулах, байшин сууцны дулаалга чиглэлээр арилжааны банкуудтай хамтран ногоон зээл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингэснээр иргэдэд очих зээлийн хэмжээ 8-9 хувь бөгөөд хүүгийн татааст гурван тэрбум төгрөг олгохоор байна. Нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг 2017, 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн  төвлөрсөн дулаанд холбох, дэд станцын барилгын ажил хийснээр 139 барилга, байгууламж төвлөрсөн дулаанд холбогдож, түүхий нүүрсний хэрэглээг 52 мянга 300 тонноор бууруулсан. Амгалан ДЦС-ын хэрэглээг нэмж, 2018-2019 онд жирийн болон нам даралтын 171 зуухыг зогсоож, 24,6 Кватт цахилгаан, 210 нэгжийн барилга, байгууламж төвлөрсөн дулаанд холбосон. Гэр хороололд байрлах 21 сургууль, цэцэрлэгийн зуухыг, цахилгаан холбох ажил хэрэгжиж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг 100 хувь хөнгөлөлттэй үнээр түгээх шийдвэр гаргасан. Үүний дагуу 2018 онд 11,5 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлж байна. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ээс тарифын хөнгөлөлт эхэлнэ. Мөн нийслэлийн нийтийн тээвэрт явж буй 937 орчим автобуснаас 2020 он гэхэд 450 гаруй автобус үйлчилгээнээс хасагдахаар байна. Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааг бууруулахын тулд байгалийн хийгээр ажилладаг 70 автобус, автобусанд хөө тортог бууруулдаг шүүлтүүр суулгах ажлын эхлүүлсэн.

Агаарын бохирдлыг шийдвэрлэсэн олон улсын туршлагаас харахад сайжруулсан түлш, байгалийн хийгээр хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг. Сайжруулсан түлшийг ахуйн хэрэглээнд хэрэглэж агаарын бохирдлоос ангижрах боломжтой гэдгийг олон улсын байгууллагаас сануулсан байдаг. Боловсруулсан нүүрсээр шахмал түлш хийх туршлагыг 2014 онд явуулж, стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн. Нийслэлд хэрэглэдэг 1,1 сая тонн түүний нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан түлшээр орлуулах бүрэн боломжтойг ч тогтоосон байдаг. 700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай компани байгуулж, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангаж эхлээд байна.

 Сайжруулсан түлшний хэрэглээ:

  • Сонгинохайрхан дүүрэг- 29 хувь
  • Чингэлтэй дүүрэг-16
  • Баянзүрх дүүрэг-28
  • Хан-Уул дүүрэг -12 хувь
  • Сүхбаатар дүүрэг- 9 хувь
  • Баянгол дүүрэг- 6 хувийг хэрэглэж байна.

Иргэдийн хувьд орлогын хэмжээ болон жилийн хэрэгцээгээ хангадаг бөгөөд сайжруулсан түлшийг зургаан дүүргийн 332 борлуулалтын цэгт 66 мянга 328 тонн түлш хүргэснээс 25 мянган тонн түлшийг борлуулжээ. Цаашид 464,1 тонн түлшийг түгээх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 210 мянган картыг тараажээ. Картын орлогоор нүүрсний бодит хэрэгцээ болон иргэдийн хэрэглээ, чанар зэргийг хянах мэдээллийн баазтай болж байгаа. МХЕГ-аас 5365 иргэн, сайжруулсан түлшний найман үйлдвэр, зах, нүүрс борлуулагч нарт шалгалт хийж, мэдэгдэл хүргүүлж ажиллажээ. Шалгалтын хүрээнд 1080 янданг буулгаж, 1561 уурын зуухыг буулгах, зогсоох, сайжруулсан зуухаар солих арга хэмжээ авлаа. Сайжруулсан түлшийг нийт есөн удаа шалгасан бөгөөд стандартын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан. 

Сайжруулсан түлшнээс иргэд угаартаж, иргэд амь насаа алдсантай холбогдуулан нийслэлийн онцгой комисс хуралдаж, тодорхой чиглэл гаргаж ажиллаж байна. 2019 оны аравдугаар сарын 3-10-ны өдрүүдэд угаарын хордлогын улмаас 77 өрхийн 169 хүн, үүнээс 73 хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Насанд хүрсэн 20, таван хүүхэд хэвтэн эмчлүүлж, бусад иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Энэ өдрүүдэд зургаан хүн, бага насны хоёр хүүхэд нас барсан асуудал туйлын харамсалтай үйлдэл болсон. Аравдугаар сарын 10-ны өдөр 32 иргэн угаарын хийн хөнгөн ба хүнд хэлбэрийн хордлоготойгоор эрүүл мэндийн үйлчилгээ авсан. 

Сайжруулсан түлш борлуулдаг 17 цэгээс 23 дээж авч, лабораторид тус, тус шинжлүүлж, дүнг нь танилцуулсан. Мөн ОХУ, Солонгос, Япон улсад шинжлүүлэхээр явуулсан. Иргэдэд пийшин зуухны аюулгүй ажиллагаа, зөвлөмжийг тасралтгүй явуулж байна. Засгийн газрын хуралдаанаар 220 мянган өрхөд угаарын дохио мэдрэгчийг ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө үнэ төлбөргүй тараах шийдвэрийг гаргасан. Агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газар дээр дурдсан ажлуудыг хийж байгаа бөгөөд том, шинэ ажил болж байна. Агаарын бохирдлыг бууруулах бодлогоос Засгийн газар ухрахгүй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.