ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Даваасүрэн: Түүхий нүүрснээс гардаг хавдар үүсгэгч бодис шахмал түлшинд байхгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-11

 

Агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайд танилцууллаа. Ийнхүү Засгийн газрын мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Сүүлийн хэд хоногт 174 хүн эрүүл мэндээрээ хохирсон, онцгой нөхцөл байдал үүссэн гэдэгтэй бид санал нийлэх ёстой. Хүний амь эрсдэнэ гэдэг бол хамгийн харамсалтай зүйл. Улаанбаатарчууд айдастай байна, төр хойрго хандаж байгаагаа хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Яагаад Тавантолгойн нүүрсийг сонгосон юм бэ. Азот, нүүрсхүчлийн хэмжээ өндөр, хүчилтөрөгчийн хэмжээ бага байхад яагаад сонгосон бэ. Яаж гэр хороололд хэрэглэж байгаа зуух, пийшинд зохицно гэж тооцсон юм бэ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Сайжруулсан түлш хортой гэж байгаатай санал нийлэхгүй. Шахмал түлшний стандартыг 2014 оноос баримталж, 2017 онд үйлдвэр байгуулсан. Шахмал түлшний хэмжээг илүү сайжруулж, хамгийн боломжийн стандарт гэж тогтоосон. Түүхий нүүрсийг шатаахад гардаг байсан хавдар үүсгэгч бодисууд шахмал түлшинд байхгүй. Шахмал түлшийг Япон, АНУ ашиглаж байсан. Гэр хорооллын дийлэнх айл хэрэглэж байгаа. Энэ жил бороо их орсонтой холбоотой ханын пийшинтэй холбоотой бага зэрэг асуудал үүссэн. Ханын пийшингийн хоолойг шавар бөглөөд, зууралдсан нь нөлөөлсөн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-159 хүн угаартсан, цаашид нэмэгдэж магадгүй байхад юунд нь маазраад байгаа юм бэ. Асуудалд мэргэжлийн хандмаар байна. Асуудал үүсвэл хэн нэгэн хариуцлага хүлээлгэнэ. Ц.Даваасүрэн сайд асуудал үүсвэл огцорно гэж байсан. Та огцрох уу. Хариуцлагаа яаж үүрэх юм бэ. Энд хариуцлага хүлээхгүй зарим хүний тархины угаарыг арилгана гэж яриад сууж байгаа Засгийн газрын сайд нар байж болохгүй. Гадаадад явуулсан шинжилгээний хариу ирээгүй байхад яаж зүгээр гэж яриад байгаа юм бэ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Угаартсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Өнгөрсөн жил 12 хүн угаартсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаад явсан байна лээ. Олон улсын лабораторид шинжилгээ хийлгэхээр өгсөн байгаа. Гэхдээ би дотоодын лабораториудад итгэж байгаа.

Ажлын хэсэг:

-Дэгдэмхий бодис нь хамгийн бага байж болох бүтээгдэхүүн нь Тавантолгойн нүүрс байсан. Бусад найман компанитай судалгаа хийж, газар дээр нь танилцуулж сонгосон. Энэ дундаас нүүрс угаах үйлдвэртэй ганц л үйлдвэр байсан.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Д.Ядамдорж:

-Нийт 86 дуудлага ирснээс таван тохиолдолд хэрэг үүсгэж шалгаж байгаа.