ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Оюунхорол: Угаартаж амиа алдсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олгох ёстой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-11

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар сайжруулсны түлштэй холбоотой УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулгын хариуг сонсож байна. Уг асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асууж байна.

Ц.Даваасүрэн: Ашиглаж байгаа материал бол угаагдсан нүүрс. Тиймээс ердийн нүүрснээс хоёр дахин илчлэг давуу талтай. Бид “Энержи рерурс” компанид танай нөөцөд байгаа мидлэнг агаарын бохирдолд үнэгүй зарцуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан юм. Энэ компани нийгмийн хариуцлагынхаа хувьд хандсанд талархаж байгаа. Гэвч өчигдрөөс зогсоох талаар ярьж эхэллээ. Ухаа худгийн цахилгаан станц энэ нүүрсээр ажилладаг. Яагаад хятад руу гаргаагүй вэ гэхээр өндөр чанарын коксжсон нүүрсний хажуугаар зөөх зам алга. Жилд 700 гаруй мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ажиллаж байна. Иргэдийн дэмжлэг их хэрэгтэй байна. Агаарын бохирдолд бодит хувь нэмэр оруулж байгаа. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар Багануурын нүүрснээс хордож болох юм байна. Ийм асуудал байж болохгүй. Багануурын нүүрс рүү түлхэх гээд байгаа хэсэг байна. Үүнийг зогсоох сонирхол байна. 

Д.Тэрбишдагва: Харамсалтай хэрэг гарлаа. Бусад оронд бол төр засаг нь уучлалт гуйгаад салбарын сайдууд огцордог. Зуухны сатандартад хяналт тавьсан юм уу. Хэчнээнийг нь засаж сайжруулах шаардлагатай юм бэ. Одоо боломжуудыг яримаар байна. Тархиныхаа утааг арилга гэж хэнийг хэлээд байнаа. Намайг хэлээд байгаа юм уу.

Д.Оюунхорол: Угаартаж амиа алдсан иргэдэд Засгийн газар нөхөн төлбөр олгох ёстой. Агаарын бохирдол буурч байгаатай олон хүн санал нийлж байна. Сайжруулсан түлшний талаар сайн муу янз бүрийн яриа гарч байна. Гол нь үүнийг улс төрд ашиглахгүй байхыг хүсье.

Ө.Энхтүвшин: Ажил хариуцаж байгаа хүмүүст алдаа байгаа. Алдаа бий учраас л хордлого гарч байгаа. Ядаж нүүрснийхээ уутанд сэрэмжлүүлэг гаргах ёстой байсан юм. Ханан пийшинд асуудал байна гэдэг нь тодорхой боллоо. Төслийн зуухуудад харин асуудал байхгүй юм билээ. Утаанаас дээж авсан юм байхгүй. Гурван лабораторийн шинжилгээний дүн яг таарч байна. Барьцалдуулагч бодист асуудал байна гээд байгаа. Таван хувь нь л барьцалдуулагч болох цардуул байгаа юм билээ. Энэ бол хоргүй зүйл. Д.Тэрбишдагва гишүүн ээ би таныг тархины утаагаа арилга гэж хэлээгүй. Юун гуя гэдэг шиг л юм болоод байна та.