ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

25 жилийн дараах түүхэн айлчлал 200 сая ам.долларыг эх орондоо авчрав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-14

Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд 25 жилийн дараа хийгдэж буй түүхэн айлчлалын нэгэн гэрч болж, түүнийг сурвалжлах үүргийг редакциасаа авч, энэ сарын 10-ны өдөр БНКазУлсыг зорив. Тусгай үүргийн онгоц өглөө эрт 07:00 цагт хөөрч, Монголын цагаар 10:55 цагт тус улсын “Нурсултан Назарбаев” онгоцны буудалд газардлаа. Биднийг онгоцонд явах үед Гадаад харилцааны яамны ёслолын албанаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлалын хөтөлбөрийг тарааж өгөв. Эхний хуудсуудад мэдээж Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг дагалдан явж буй сайд, дарга нар, хэвлэл мэдээллийн ажилтнуудын нэрсийг жагсаажээ.

Харин гуравдугаар хуудаснаас хойш бичсэн бизнесийн салбарын 60 гаруй хүний нэрийг хараад л энэ удаагийн айлчлал ямархуу чухал, үр дүнтэй болохыг ойлгоно. Бүтэн жилийн өмнөөс төлөвлөгөө нь гарч, хоёр тал маш өндөр түвшинд бэлтгэсэн айлчлалын бүрэлдэхүүнд “Макс”, “Тэсо”, “Алтанжолоо”, “Ард даатгал”, “НВЦ”, “Содмонгол”, “МАК”, “Техникимпорт”, “Туушин”, “Эйтранс” зэрэг Монголын топ татвар төлөгч 30 орчим компанийн төлөөлөл багтжээ. Сая гаруй хүн амтай мега хот, цаашлаад гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч, татварын орлогын дийлэнхийг нь бүрдүүлж буй олон арван бизнес эрхлэгчдээ төр нь анхаарч, хилийн дээс алхах, харилцаа хамтын ажиллагаагаа шинэ шатаар ахиулах боломжийг бүрдүүлж өгсөн нь талархууштай. 

Биднийг “стан” орнуудаа харьяалж, Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайд Л.Баттулга, тус улсын Худалдааны сайд Бахыт Султанов, Гадаад хэргийн дэд сайд Шахрат Нурышев нар хүндэт харуул жагсаан угтаж авав. Айлчлалын хөтөлбөр ч шахуу тавигдсан учраас Ерөнхий сайд газардсан даруйдаа л уулзалт, хурал чуулганы ажилдаа шуурхайлан орох нь тэр. Эхний өдөр БНКазУ-ын Ерөнхий сайд Аскар Маминтай албан ёсны хэлэлцээ хийлээ. А.Мамины тухайд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг албан ёсны айлчлал хийхийг урьсан бөгөөд айлчлалын эхний өдрөөс эхлэн дуусах хүртэл олон үйл ажиллагаанд хамт оролцож, өөрийн биеэр үдэж гаргасан юм. Энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах ёстой. Тэр ч утгаараа 2020 оны эхний улиралд хоёр улсын Засгийн газрын комиссыг хуралдуулж, худалдааны эргэлтийг 130 сая ам.долларт хүргэх саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавьсан бөгөөд Казахстан улсын талаас ч дэмжлээ.

1992 онд дипломат харилцаа тогтоож, 1993 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш хоёр улсын худалдааны эргэлт үндсэндээ 35-хан сая ам.долларт эргэлдэж байжээ. Харин энэ удаагийн айлчлалын дараа шинэ шатанд гарч, хамтын ажиллагаа илүү өргөн хүрээг хамрах ёстой гэдгийг А.Мамин сайд ч хүлээн зөвшөөрөв. Тэрбээр, манай улстай хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбар дахь худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй гэдгээ хэлсэн юм. Тэр дундаа Монгол Улсад маш эрчимтэй хөгжиж буй жижиг, дунд, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй илэрхийлж байлаа. Мөн Казахстан улсын “Анхны Ерөнхийлөгч-Елбасы”, ҮАБЗ-ийн тэргүүн Нурсултан Назарбаевт Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. 

Мах, махан бүтээгдэхүүний экспортод томоохон үүд хаалга нээгдэв 

 

Хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийсний дараа өмнө хэлсэнчлэн харилцааг шинэ шатанд гаргах хамтын ажиллагааны 12 баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Тухайлбал, боловсролын салбарыг энд онцолж болно. Тэртээх 2008 онд байгуулж байсан Боловсролын салбарт хамтарч ажиллах хэлэлцээрийг 11 жилийн дараа шинэчлэх баримт бичигт манай талаас БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Казахстан улсын БШУ-ы дэд сайд Рустем Айдарбекович Бигари нар гарын үсэг зурлаа. Ингэснээр оюутан солилцоо, хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, сургах олон гарц нээгдэнэ.

Мөн тус улсын зүгээс жил бүхэн 25 оюутанд тэтгэлэг олгохоор болжээ. Хоёр улс эрдмийн зэрэг цолыг харилцан хүлээн зөвшөөрөх гэнэ. Арав гаруйхан жилийн хүрээнд гайхалтай хурдацтай хөгжиж, орчин цагийн Европын хотуудын жишгээр хөгжиж буй Нурсултан хоттой Улаанбаатар хот ах дүү хот болж байна. Иргэний болон эрүүгийн хэргийн талаар хамтарч ажиллах, Мал эмнэлэг хорио цээрийн салбарт ч харилцаа маань шинэ түвшинд гарсныг дуулгахад таатай байна. Тухайлбал, ах дүү хот болох хэлэлцээр ямар үр дүн авчрах талаар Хотын дарга С.Амарсайханаас тодруулахад “Улаанбаатар хоттой ижил төстэй боломж их байгаа. Тухайлбал, дэлхийн хамгийн хүйтэн хоёр нийслэл.

Цаг агаарын хувьд ижил төстэй учраас мод, зүлэг, ногоон байгууламжийн талаар суралцах зүйл их юм билээ. Хотыг хэрхэн төлөвлөдөг, зохион байгуулалтыг яаж хийдэг, хэрхэн ногоон хот болгодог вэ гэдгийг харуулсан тод жишээ нь Нурсултан хот. Хотоо төлөвлөхдөө дандаа гадны эксперт, мэргэжлийн архитекторуудыг урьсан юм байна. Хэрэгжилтээ ч гадныхнаар хийлгэсэн нь богино хугацаанд ийм том хотыг бий болгож чаджээ” гэлээ. Харин мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтарч ажиллах боломж бүрдсэнээр үүсэх давуу талыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дүгнэв. Тэрбээр, “Мах, махан бүтээгдэхүүний экспортод томоохон үүд хаалга нээгдлээ.

Адуу, хонь, үхрийн мах Казахстан улсаар нийлүүлж, цаашлаад Ойрхи Дорнод руу гаргах боломж бүрдэх нь. Мөн зүүн урагшаа маш том зах зээл бий. Хоёр талын боломжийг нээлээ. Казахстан улс найман сая үхэртэй дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг, экспортлох асуудал ч яригдаж байгаа. Харин 18 сая хоньтой ч өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Манайх дөрвөн сая үхэр, 30 сая хоньтой. Иймд бие биеэ харилцан нөхөж ажиллах боломжтой” гэлээ. Өөрөөр хэлбэл, хоёр улс хамтарч ажилласнаар гуравдагч зах зээл рүү гарах боломж бүрдэнэ. Казахстан улс ДЭМБ-аас тавьдаг вакцингүй эрүүл бүс болох шаардлагыг хангахад томоохон алхам хийжээ.

Тухайлбал, 14 мужийн есөн нь вакцингүй эрүүл бүсээр дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн бол таван муж нь вакцинтай эрүүл бүсээр хүлээн зөвшөөрөгдсөн аж. Энэ талаар Монгол-Казахстаны парламентын бүлгэмийн дарга Д.Мурат ярихдаа “Монгол Улс малаа эрүүлжүүлэх талаас огтхон ч ажиллаагүй. Харин Казахстан улс Европтой холбоо тогтоож, малаа эрүүлжүүлж чадсан сайн туршлагатай. Бид энэ туршлагаас нь суралцах боломж бүрдсэн нь олзуурхууштай” гэлээ. Мөн тус улсад Зүчи хааны бунхан байдаг бөгөөд энэ талаар парламентын бүлгэмийн гишүүд анхаарч, ирэх арваннэгдүгээр сард эрдэмтэн судлаачдын багтай очиж судлахаар ярилцаж байгаа аж. 

У.Хүрэлсүх: Монгол, Казахстаны харилцааг шат ахиулан хөгжүүлэхээр тохиролцлоо

Айлчлалын хоёр дахь өдөр хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны олон боломжийг эрэлхийлж, “Риксос Президент Астана” зочид буудалд хуралдав. Хоёр талаас 160 гаруй бизнес эрхлэгч оролцсон нь бизнесийн салбарт ямар том боломж, орон зай байгааг илтгэх тоо аж. Форумыг нээж Казахстан улсын Ерөнхий сайд А.У.Мамин үг хэлэв. Тус улсын тухайд өнгөрсөн онуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн бөгөөд Moody, Fitch зэрэг олон улсын санхүүгийн агентлагууд эдийн засгийг нь эерэгээр дүгнэжээ. Тиймээс бизнес эрхлэлтийг тогтвортой дэмжих бодлого барьж байгаа аж. Монголд ч адилхан толгойн өвчин болдог шинэ бизнес эхлүүлэхэд бүрдүүлдэг материалын тоог багасгах, шат дамжлагыг цөөлөх бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр гадны хөрөнгө оруулалт ч огцом нэмэгджээ. Хамгийн чухал нь тогтвортой засаглал, төрийн бодлого нь урт хугацаанд байсны үр дүнд энэ хот 20 гаруйхан жилийн хугацаанд дэлхийн хөгжиж буй хотуудын эгнээнд орж чадсан байгаа юм.

Казахстан улс газрын тосны нөөцөөр дэлхийд 12, чулуун нүүрсээр ес, уран, вольфромоор нэг, хром, фосфороор хоёр, тугалга, молибдены нөөцөөрөө дөрөвдүгээрт ордог. Эдийн засгийн гол салбаруудад байгалийн хий, уул уурхайн ойлборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан ордог аж. Тиймдээ ч эдгээр салбарт хөрөнгө оруулалт хийх боломж нээлттэй гэдгийг тус улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцлов. Хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд мэдээж тээврийн салбараа хөгжүүлэх шаардлага үүснэ. Энэ хүрээнд нэлээд олон ажил хийгдэж, шууд нислэг эхэлсэн гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчдэд дуулгалаа.

Тодруулбал, өнгөрөгч зургадугаар сараас эхлэн Казахстаны иргэний агаарын тээврийн “Скат” компани Нурсултан-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлжээ. Ирэх онд “Хүннү эйр” компани Улаанбаатар-Алмата шууд нислэг хийхээр төлөвлөж байгаа аж. 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог болсноор манай улсын 8000 орчим иргэн тэнд ажиллаж, амьдарч байна. Ерөнхий сайд форумд оролцож үг хэлэхдээ “Монгол, Казахстаны харилцааг бид цаашид шат ахиулан хөгжүүлэхээр тохиролцлоо. Улс төрийн бат бэх харилцаан дээрээ суурилан худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, хот төлөвлөлт, аялал жуулчлалын гээд өргөн хүрээтэй салбарт эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр ярилцлаа. Монгол Улсын эдийн засаг 2018 онд 6.9 хувиар, энэ оны эхний хагас жилд 7.3 хувиар өссөн бөгөөд цаашид ч өсөх төлөвтэй байгаа.

Монгол Улсад бизнесийн таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна” гэв. 2018 оны байдлаар Монгол-Казахстаны худалдааны эргэлт 35,6 сая ам.долларт хүрсэн нь манай нийт гадаад худалдааны дөнгөж 0,3 хувьтай тэнцэж байгаа аж. Манай улсаас 3.5 сая ам.долларын үнэ бүхий адуу, хонь, ямааны мах болон ноолууран бүтээгдэхүүн экспортолжээ. Казахстанаас 32.1 сая ам.долларын үнэ бүхий цагаан будаа, янжуур тамхи, жимс жимсгэнэ, ургамлын тос болон тоног төхөөрөмж худалдан авсан байна. Гэтэл 1990-ээд оны үед хоёр улсын худалдааны хэмжээ 75 сая ам.долларт хүрч байсан түүхтэй. Өнгөрсөн он жилүүдэд Төв Ази тэр дундаа “стан” орнуудын хамтын ажиллагааг орхигдуулж ирсэнтэй холбон тайлбарлахад буруудахгүй. Харин энэ алдааг засах чиглэлд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар анхаарч, 2019 онд Киргизстан, Казахстан гэсэн хоёр улсад албан ёсны айлчлал хийжээ. 

81.7 сая ам.долларын өртөгтэй алт цэвэршүүлэх үйлдвэр барина 

 

Өмнө хэлсэнчлэн, Монголын топ татвар төлөгч, шилдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл тэнд бизнесээ өргөжүүлэх, улс орондоо хөрөнгө оруулалт татахаар Казахстан улсын бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцсон.

Мөн хоёр улсын бизнес эрхлэгчид хамтарч ажиллах найман гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсны хамгийн том нь “Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах” гэрээ юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад 30 сая ам.долларын үнэд хүрдэг алт цэвэршүүлэх патентаа үнэгүй өгөв, тэд. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярихдаа “Нарийн технологи шаарддаг алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр барьж, ашиглалтад оруулна. Уг үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулахад Казахстаны талаас технологийн болон боловсон хүчний дэмжлэг үзүүлж байгаа. Үйлдвэр нийт 81.7 сая ам.долларын өртөгтэйгөөр баригдах бөгөөд жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэхээс гадна дагалдах долоогоос найман төрлийн элемэнт гаргах юм. Манай улс олборлосон алтаа гадаадад цэвэршүүлдэг. Гэтэл гоёл чимэглэл хийдэг үйлдвэрүүд бүгд гадаадаас түүхий эд авдаг. Уг үйлдвэр ашиглалтад орохтой холбогдуулан бид Үнэт чулуу, металлын тухайн хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа” хэмээв. Төв банк жилдээ 20 тонн алт худалдан авч байгаа ч жилдээ 40 тонныг олборлох боломжтой байдаг аж.

Тэгэхээр 20 орчим тонн нь гадагшаа гарч байж мэдэх учраас хууль эрхзүйн орчныг илүү боловсронгуй болгох шаардлага үүсч байгааг салбарын сайд хэлж байсан юм.  Үүнээс гадна Монгол дахь нүүрсний ордоос ферросилицион үйлдвэрлэх үйлдвэр барих, МҮХАҮТ-тай Казахстан улсын гадаад худалдааны танхим хамтарч ажиллах, агаарын техникийн үйлчилгээ, зуны экипаж-баг техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх, эм бэлдмэлийг худалдан борлуулах зэрэг 200 орчим сая ам.долларыг Монгол Улсын эдийн засагт оруулж чадах найман баримт бичигт гарын үсэг зурлаа.  Казахстан Улсын гадаад худалдааны танхимын Удирдлагын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Н.Алимович “Казахстан улс руу махны импорт нэлээн явагддаг. Хоёр орны хувьд мах экспортлох талаар том боломж бий гэж ойлгож байгаа. Энэ боломжийг түлхүү ашигламаар байна. Талуудын худалдаа аж үйлдвэрийн танхим халал маханд сэртификатжуулалт хийх ажиллагааг өрнүүлж байна” гэлээ. 

...Гэрээ хэлэлцээр, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах уулзалт, албан яриа хэлэлцээрийн үр дүнг тоймлон хүргэлээ. Айлчлалын гуравдахь өдөр Ерөнхий сайдын айлчлалд багтсан хүмүүс Нурсултан хотыг чимэх “Нур Алем” Астана экспо-2017 үзэсгэлэнгийн байгууламж, Төв музей, “Астана Опера” дуурь, бүжгийн театрын үйл ажиллагаатай танилцав. Шинэ тутам, өдөр өдрөөр танигдахын аргагүй хөгжиж буй гайхалтай цэвэрхэн хотын зүрхэнд орших эдгээр барилга байгууламжийг хэдэн жилийн хугацаанд, хэрхэн барьж байгуулсан, хүн зоных нь харилцаа, хотын өнгө үзэмж, гудамж талбайн тухай аян замын тэмдэглэлээ уншигч танд тун удахгүй хүргэх болно. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” хөгжих боломжийг бүрдүүлсэн, энэхүү түүхэн айлчлалын үр дүн магад сарын дараа л гарч, ижил гараанаас гарсан ч биднийг хол орхин хөгжиж буй Казахстан улсын сайн туршлага Монголын тал нутаг, улсын нийслэл Улаанбаатар хотноо хэрэгжиж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.