ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Саарал жагсаалтад орох нь шоронд орж байгаатай адил

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-21

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагаас Монгол Улсыг хяналтад байх орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад дахин оруулж байгаагаа  өнгөрөгч баасан гарагт албан ёсоор зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн үндэсний намаас өнөөдөр мэдээлэл хийж, хэрхэн саарал жагсаалтаас гарах шийдлийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэв.  Тус намын зөвлөлийн дарга Т.Доржханд “Саарал жагсаалтад багтсан улсуудыг харвал ихэнх нь дотооддоо шашны мөргөлдөөнтэй, иргэний дайнтай, оффшор бүсийн орнууд байдаг. Дэлхийн 200 гаруй улсын сүүлээсээ 10-20 байрт жагсаж байгаа, засаглал нь хямарсан, эдийн засаг нь ил тод биш улсуудын түвшинд манай улс орлоо. Тухайн хуралд оролцсон бүх улс Монгол Улсыг дуу нэгтэйгээр саарал жагсаалтад оруулсан нь анхаарал татаж байна” гэлээ. Намын дарга Б.Найдалаа "Саарал жагсаалт бол орж л байдаг, гарч л байдаг зүйл биш. Тухайлбал, саарал жагсаалтад орох нь шоронд орж байна гэсэн үг. Үүнээс гарах шийдэл нь улс төрийн шинэчлэл байх болно" гэсэн юм.