ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сонгуулийн авлига буюу цаг нь болоогүй сурталчилгаа

А.ОДСҮРЭН
2019-10-30

УИХ-ын ээлжит сонгуулийн жил айсуй. Дэлхийн ихэнх улс орон сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэж байна. Мажоритар тогтолцоо учир дутагдалтай гэдгийг судлаачид хэлдэг. Монгол Улс 2012 оны сонгуулиа холимог тогтолцоогоор явуулж, 2016 онд богино хугацаанд хууль баталж мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулсны горыг хангалттай амссан. Тэгвэл ирэх оны Сонгуулийн хуулийг хэрхэн ямар зохицуулалтаар шийдвэрлэж, сонгуульдах нь тодорхойгүй байна. Иргэд улстөрийн боловсролгүй байх тусам авлига, хээл хахуульд автсан улстөрчдөд ашигтай байдал үүсдэг. Ядуу буурай орны зовлон л юм даа. Эдийн засгийн өсөлтгүй, иргэд нь ядуу, боловсрол, эрүүл мэндийн асуудал нь тартагтаа тулсан ийм улсыг түмпэн шанага, аяга тавагханаар хуурч, ядуу боловсролгүй чигээр нь байлгах бодлого ирэх жил үргэлжлэх эсэхийг харж л байя. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг цэгцлэх үүднээс Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон тухай Тамгын газрынх нь дарга З.Энхболд нийгмийн сүлжээнд “мэдээлж” байсан ч одоогоор сураг чимээ гараагүй байна. УИХ-ын гишүүд болон нэр дэвшигчид сонгогчиддоо элдэв хэрэглээний зүйл, бэлэг сэлт тараасаар ирсэн, цаашдаа ч тараах биз. Монгол Улсын хуулиар бэлэг тарааж болохгүй гэж хориглоогүй болохоор тийм. 

Харин УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс сонгууль явагдаж дуусталх зургаахан сарын хугацаанд тэвччих юм бол бусад үед сар шинийн баяр, наадам, бусад тэмдэглэлт баяр, иргэдтэй уулзахдаа юугаа тараах нь тэдний эрх болж таарна. Гэвч Сонгуулийн хуулиар сонгуулийн жил эхлэхээс өмнө тарааж болох бэлэг сэлт, эд бараа таваар, хүнс нь нэр дэвшигчид нэг гараанаас сонгуульд өрсөлдөх ёстой гэсэн үзэл санааг үгүй хийж байгаа юм. Ямар ч бизнесгүй мөнгөгүй гэж өөрийгөө тодорхойлдог Баасанхүү, 37 хувийн компани­тай Чойжоо хоёр нэг тойрогт өрсөлдлөө гэж бодъё. Нэг нь ам хэлээрээ сонгогч­дыг “панаалдаж” байхад нөгөөх нь хөрөнгө мөнгөөр дээрэлхэх хоёр газар тэнгэр шиг ялгаа­тай. Үүнд л сонгогчдын улс­төрийн боловсрол нөлөөлнө. Хуулийн цоорхой иргэдэд ашиггүй, улстөрчдөд ингэж л ашигтайгаар үйлчилдэг.

Бэлэг сэлт тараах нь ч дүүрчээ гэж бодъё. Сонгуулийн өмнөх жилийн халуун зунаар эхэлдэг сур­тал­чил­гаа, пиарыг хэрхэн зохи­цуулах вэ. Сон­гуулийн ту­хай хуулийн 29 дэх заалтад Сон­гуу­лийн ерөн­хий хо­роо болон тойр­­гийн хо­роо нэр дэв­шигч­дийг бүртгэсэн тухай шийдвэр гаргана. Нэр дэвшигчийн үнэмлэх олгоно гэж заасан бол мөн хуулийн 35 дугаар зүйлд “Нам, эвсэл, нэр дэв­шигч нь сонгуулийн суртал­чил­гаагаа энэ хуулийн 29.12, 29.13-т заасны дагуу нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ” гэж заасан байдаг. Тэгвэл яг энэ заалтыг, Сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл гарсаар байна. Сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн зарим нэг хурган дарга нар тойрогтоо уулзалт яриа хийх, үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зэргээр сурталчилгаагаа хийгээд эхэллээ. 

Тэд Сонгуулийн тухай хуулийн 35.2-т нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах ажлыг уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулах зэрэг хуулиар хориглоогүй арга хэлбэрээр зохион байгуулах эрхтэй” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж тайлбарлаж болно. Гэвч хуульд сонгуулийн жи­лийн нэгдүгээр сарын 1-нээс сур­тал­чилгаа эхэлсэн байх ёстой гэсэн заалтыг зөрчиж байгаагаа мэдэж баймаар. Түүнчлэн мөн хуулийн 35.15-д зааснаар “сон­гог­чид мөнгө, эд бараа үнэ­гүй тараах, аливаа үйл­чил­гээг төлбөргүй болон хөнгө­лөлт­тэй­гөөр үзүүлэх, төлбөрт таа­вар, бооцоот, мөрийт тоглоом зохион бай­гуу­лах, биеийн тамирын уралдаан тэм­цээн баяр наадам, ур­ла­гийн тоглолт зохион байгуулах, түү­нийг ивээн тэт­гэх, хүлээн авалт, дайллага, цайл­лага зэрэг сон­гуулийн сур­тал­чил­гаа­тай хол­богдсон олон нийтийг хамар­сан арга хэмжээ зохион бай­гуулах, сон­гогчдыг гадаад дотоодод аялал зохион байгуулж орол­цуу­­лах, амралт сувилалд ам­­раах, хэвлэл мэдээллийн хэрэг­­сэл болон цахим хуудас ашиг­­лан улс төрийн чансаа тог­тоох зорилго бүхий аливаа хэл­бэрийн шалгаруулалт зохион бай­гуу­лах, бусдыг гүтгэх доромж­лох, хуурамч мэдээлэл та­раах, ирээдүйд өөрийн болон бус­дын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах, төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанар­тай ажил үйл­чилгээ явуулах, төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүү­лэх, эрүүл мэндийн үзлэг явуу­ла­хыг хориглоно” гэсэн байдаг. Тэгвэл яг энэ заалтуудыг зөрч­сөн хэдхэн жишээг дор үзүүлье.

-Зам, тээвэр хөгжлийн сайдын зөвлөх Б.Цогтгэрэл ирэх сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвших тухай яриа гарсан нь худал биш бололтой. Тэрбээр тус аймгийн сонгогчдод зориулж эрүүл мэндийн үз­лэг, лекц, үсчний үнэ­гүй үйл­чилгээ үзүүлж, ур­лагийн тоглолт зохион бай­гуу­­лахаар сур­­тал­чил­­гаа­ны сам­­бар гар­гасан.

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн сонгогдсон Архангай айм­гийн гурав­дугаар тойрог бо­лох Архангай айм­­гийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэ­мандал сумын оюутнуудад зориулж Хан-Уул дүүрэгт оюутны дотуур байр барихаар есөн тэрбум төгрөгийг хоёр жил дараалан /2019 онд зургаан тэрбум, 2020 онд гурван тэрбум/ төсөвт суулгасан.

-Ulsturch.mn сайт “Шилдэг улстөрч 2020” нэр­тэй улс­төрчдийн рей­тинг тог­тоох су­дал­гаа явуулж, нэрсийн жаг­саалт гар­гасан /иймэр­хүү судал­­гаа ихэвчлэн төл­бөр­тэй­гөөр явагддаг/.

-МАХН ир­гэ­дийг үнэ­гүй орон суу­цанд хам­руулах ам­лалт өгч, бүрт­­гэж эхэлсэн.