ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нөхөн болон дахин сонгуулийн саналын хуудсыг хүргүүлж эхэллээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-18

Аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангах ажлын хүрээнд сонгуульд хэрэглэгдэх 30 төрлийн 27 мянга гаруй саналын хуудсыг хэвлэж, туршиж баталгаажуулан санал авах байранд хүргүүлж эхэлжээ.

Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, намын ажиглагчид болон тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.

Мөн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг СЕХ-ны дэргэдэх  Мэдээллийн технологийн төв, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг хариуцан гүйцэтгэжээ.

Орон нутгийн ИТХ-ын  нөхөн сонгууль нийт 11 аймгийн 26 суманд, дахин сонгууль гурван аймгийн дөрвөн суманд болох юм.