ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Opendatalab.mn: Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргын хүүгийн компани ЖДҮХС-гийн мөнгө угаасан уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-11

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрөгч баасан гарагт мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий найман компани ББСБ-аар дамжуулан мөнгө угаасан гэх мэдэгдэл хийсэн билээ. Хэн, хэн гэж улстөрч мөнгө угаасан болохыг тодруулсан сэтгүүлчийн асуултад “Одоогоор зарлах боломжгүй. Эдийн засгийн байнгын хорооны даргаас тодруулаарай. Тэр хүн надад ирээгүй байтлаа танд яагаад ирдэг билээ гэж байна лээ” хэмээн ярьсан байдаг.

Тэгвэл АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийхдээ “ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуйн нэгжүүд дундаас 34 нь ямар нэг байдлаар ББСБ болон ХЗХ-той холбоотой байсан. Тэдгээрийн 11 нь төрийн өндөр албан тушаалтантай холбогдсон. Гэхдээ ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалтын бусаар ашиглаж байсан найман компанийг нэрлэе” хэмээгээд “Уран Сэлэнгэ” ХХК, “Цагийн эрч” ХХК, “Грийн тауэр” ХХК, “Намжсод” ХХК, “Цамбагарав трейд” ХХК, “Эс Эй Эм И” ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “ТБМТ” ХХК гэсэн найман ААН авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид бүтнээр нь болон зарим хэсгийг нь байршуулжээ.

АТГ-аас “Найман гишүүн гэж яриагүй. Зарим аж ахуйн нэгжүүд мэдэгдэл ирүүлсэн, тайлбараа өгөөд явж байгаа. Санхүүжилт нь болохгүй, зээлээ төлөх ёстой учраас эргэлтэд оруулсан. Албан тушаалтантай холбоогүй гэж мэдэгдсэн. Бид ЖДҮХС-д хандаж зээлийг нь эргэн төлүүлэх, зөвшөөрлийг нь цуцлах хүсэлт хүргүүлсэн” хэмээлээ. Бид энэхүү мэдээллийн дагуу эдгээр компаниудын эзэн нь хэн болох ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохыг судалж үзлээ.

 

-“Цагийн эрч” ХХК-ийг 2010 оны арванхоёрдугаар сарын 14-нд үүсгэн байгуулжээ. Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрладаг бөгөөд захирлаар нь Батбэхийн Туяа гэх бүсгүй ажилладаг юм байна. Тус компани анх гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар гэрчилгээ гаргуулсан ч дараа нь барилгын засал, чимэглэл, интерьер дизайны чиглэлээр ажилладаг гэжээ. Улстөрчийн хамааралгүй гэж мэдүүлсэн аж.  950 сая төгрөгийн зээлтэй.

-“Уран Сэлэнгэ” ХХК-ийн нэрээр эхлээд мэдээлэл оруулсан ч илэрц гарц ирээгүй бөгөөд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг гэсэн мэдээлэл гарч ирэв. Гэвч, өөр нэг мэдээлэл дээр тус компанийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Шин Шэн Да, Монгол Улсын иргэн Халиун-Уул нар байдаг гэсэн мэдээлэл гарч ирлээ. Захирлаар нь Бямбаагийн Энхбаатар гэгч ажилладаг бөгөөд “Бааюу буурлын овоо” гэх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани аж. Тус компани нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Гаршаавын Бямбаагийн хүүгийн нэр дээр бүртгэлтэй юм байна. Тус компани ЖДҮХС-гаас 300 сая төгрөгийн зээл авчээ.

-Тэгвэл “Грийн тауэр констракшн” ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан. Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо V хороололд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Дугарсүрэнгийн Тунгалаг гэх бүсгүй захирлаар ажилладаг аж. Мөн л барилга угсралт, интерьер дизайны чиглэлээр зөвшөөрлөө авсан ч 2016 онд эсгий урлал хийжээ. Улстөрчийн хамааралгүй гэж мэдүүлсэн. 500 сая төгрөг зээлсэн.

-Чимиддоржийн Эрдэнэбаяр нь “Намжсод” ХХК-ийн захирлаар ажилладаг. 2008 оноос үйл ажиллагаа явуулж буй бөгөөд улстөрчийн хамааралгүй, уул уурхайн лицензгүй зөвхөн гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авсан. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. 200 сая төгрөгийг ЖДҮХС-гаас зээлсэн түүхтэй.

-Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн XV хороонд бүртгэлтэй “Цамбагарав трейд” ХХК-ийн захирлаар П.Санжмятав ажилладаг. Хувь эзэмшил нь М.Баасандаш гэх иргэний нэр дээр мөн байдаг бөгөөд газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан компани юм байна.

-“Эс Эй Эм И” - 500 сая төгрөгийн зээл авсан бололтой.  Шоовдорын Ариунзаяа гэх захиралтай. 

-“Жигүүрт хөсөг” ХХК нь 2017 онд байгуулагджээ. Блокны үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар гэрчилгээ гаргуулсан бөгөөд албан ёсны хаяг, захирлын нэр алга. Тус компани нь Архангай аймгийн Батцэнгэл суманд сургуулийн барилга, Ховд аймгийн Жаргалант тооцооны төвийн засварын ажлын тендерт оролцсон ч хасагдаж байсан аж. Тус компани нь 200 сая төгрөгийн зээл авсныг Ikon.mn сайтын илэрцээс харж болно. Мөн Улсын бүртгэл дээр Хоролжавын Болдбаатар, Батбаатар нэрээр бүртгүүлжээ. 

-“ТБМТ” ХХК- Гомбын Оюунтуяа гэх нэрээр бүртгэлтэй. 2007 онд байгуулагдсан. 2018 онд бүртгүүлсэн бөгөөд Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт байрлалтай. 400 сая төгрөгийн зээл авсан.