ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сонгуулийн холимог тогтолцоог урагшлуулах боломжгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-14

УИХ-ын чуулганаар ҮХНӨ-ийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Өнөөдрийн хэлэлцэж буй асуудал нь сонгуулийн тогтолцоог хэзээ хэрэгжүүлэх вэ гэдгийг  хэлэлцэж байгаа. Бид ард түмнийхээ сонгох эрхэд халдаж байна. Жишээлбэл, Ерөнхийлөгч хориг тавьсан байхад шинэ саналууд орж ирүүлсэн нь Үндсэн хууль зөрчиж байна. Энэ хуулийг хэлэлцэхдээ журмын тухай хууль зөрчиж болохгүй. Ерөнхийлөгч орж ирээд дур зоргоороо аашилж болохгүй.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг, үүний дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ. Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, сонгуулийн холимог тогтолцоо, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналууд ирүүлснийг зөвшилцлийн ажлын хэсэг болон байнгын хороо хоёр саналыг нь дэмжсэн шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Дарааллаараа бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөө батлаагүй байхад дагаж мөрдөх журмын тухай ярьж болохгүй. Яагаад өөрчлөгдсөн бэ. Нэмэлт өөрчлөлт батлагдаагүй байхад батлагдан гэсэн журмыг хэлэлцэж болохгүй. Эхлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулах хэрэгтэй. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хугацааны асуудал шийдэгдээгүй байгаа. Дараагаар нь хуулийн зөрчил болж хувирна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээр журмын тухай хуулийн төсөл батлагдахад "Үндсэн хууль бүхэлдээ 2020 оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно" гэж заасан. Сонгуулийн холимог тогтолцоог урагшлуулах бололцоогүй. Сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Нэг жилийн өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж  болохгүй гэсэн заалт хүчин төгөлдөр Тиймээс Сонгуулийн  тогтолцоог 2020 оноос өмнө мөрдөх хуульзүйн болон техникийн боломжгүй. Сонгуулийн хуульд  энэ асуудлыг жич хэлэлцэж байна шүү дээ.