ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-19

УИХ-ын  45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хуралдах УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ.

УИХ-ын нэгдсэн чуулганаас баталсан 45 дугаар тогтоолд Д.Муратын, 47 дугаар тогтоолд Д.Гантулгын  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн, татгалзах шийдвэр гаргасан. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга уг тогтоолуудад хориг тавьснаар асуудлыг дахин хэлэлцэх болоод байгаа юм.

Д.Гантулгын хувьд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн учир 47 дугаар тогтоолд тавьсан хоригийг  хүлээж авсан ч УИХ дахин хэлэлцэх шаардлагагүй болсон. Харин 45 дугаар тогтоолд тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх бөгөөд УИХ хэрэв хүлээж авбал Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг дахин хэлэлцэх юм байна.