ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Батхүү агсны хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татжээ

O.Admin
2019-12-02

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан 2019 оны тав­дугаар сарын 17-ны өдөр 19.00 цагийн орчимд Төрийн ордны хоёр давх­рын гонхноос унаж амиа алдсан харам­­сал­­тай хэрэг гарсан билээ. Гэсэн ч хэрэг гарс­наас хойш үнэн зөвийг өнөө хүр­тэл шийдээгүй учраас хэргийн та­лаар эр­гэн сануулж, мөн шинээр гарч ирсэн барим­тыг уншигч танд тоймлон хүргэж байна. 

Х.Тэмүүжин: Олсноос хойш цагийн дараа цагдаад мэдэгдсэн 

Талийгаач тухайн өдөр “Торгоны зам” олон улсын авторалли уралдааныг Монголд зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцох гэж Төрийн ордонд орж ирэхдээ амиа алдсан байдаг. Тэрбээр, 18.35 минутын үед Төрийн ордны гурван давхраар баруун тийшээ алхаж яваа нь дүрс бичлэгт үлдсэн бөгөөд хамгийн сүүлд МАН-ын нөлөө бүхий улстөрчтэй уулзаад гарсан гэх мэдээллийг тухайн үед АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өгч байжээ.

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин хэвлэлийн хурлын үеэр ярихдаа “Төрийн ордонд тодорхой хэдэн байршилд л камер байдаг. Тухайн хэрэг болсон газар камер байгаагүй. 18.30 цагт УИХ-ын чуулганы танхимын өмнөх камерт алхаж яваа нь бичигдсэн бол 19.20 цагт унасан байхыг нь олсон. Олсноос хойш цаг орчмын дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна лээ.

Харин түүнийг амиа алдахаас өмнө МАН-ын нэг гишүүнтэй уулзсан нь тогтоогдсон бөгөөд түүний хувьд 20 орчим минут уулзаад гарсан гэдгийг хэлсэн. Талийгаачийн амиа алдсан нь өвчний улмаас бус, золгүй явдал гэхээс илүү учир битүүлэг зүйл боллоо" хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл энэ мэдээллийн дараа уулзсан гишүүнийх нь нэр тодорхой болсон юм. Тодруулбал, амиа алдахаасаа 20 гаруй минутын өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөнд орсон болох нь нийтэд ил болсон билээ. 

Н.Номтойбаяр юу ярьж байв 

Хэрэг явдлыг дэс дараатай эргэн сануулах үүднээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тавдугаар сарын 19-ны өдөр буюу талийгаачийг амиа алдсанаас хойш хоёр хоногийн дараа хийсэн хэвлэлийн хурлаас тоймлон хүргэе. Тэрбээр, чуулганы танхимын үүдэнд мэдээлэл өгөхдөө “Бид 10-15 минут ярилцаж сууж байгаад гараад явсан. Харин би 19:18 минутын үед бүлгийн хурал руу орсон. Картаа тэгж бүртгэсэн байна лээ.

Надаас гэрчийн мэдүүлэг авсан. Миний хувьд архи уусан зүйл байхгүй. Бидний хувьд өнгөрсөн таван жилийн Монгол Улсын автоспортын байгууллагын ажлыг дүгнэх, тамирчдын цол зэргийн талаар ярьсан. Г.Батхүү гишүүнээр ахлуулсан холбоо шийддэг байсан. Миний зүгээс манай тамирчдын цол зэргийн асуудлыг шийдээч гэдэг хүсэлт тавьсан.

44 мянган авто спорт сонирхогчдын өмнө хэвлэлийн хурал хамтарч хийе гэж ярьсан. Надтай уулзахдаа жаахан турсан байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байсан гэсэн. Нүүрнийх нь судас нэлээд улайсан байна лээ. Сэтгэл санаа нь зүв зүгээр байсан. Миний өрөөнөөс ганцаараа гарсан. Уулзаж байхад гаднаас хэн нэгэн орж ирээгүй. Мөн надтай уулзах гэж ч хүн орж ирээгүй. Гэхдээ ах нь яаруу явж байна. Гадаа хүн хүлээлгэчихсэн гэж ярьж байсан. Миний өрөөнд манай зөвлөх, талийгаач, бид гурав л байсан. Зургадугаар сарын 14-ний хуралдааны өмнө утсаар ярина аа гээд гарсан” хэмээжээ. 

Шүүх шинжилгээний хариу “Баруун тархиндаа цус харвасан” гэж гарсан

Тэгвэл энэ хэрэг явдлаас хойш өдгөө хагас жилийн хугацаа өнгөрсөн ч Г.Батхүү агсныг ямар шалтгааны улмаас амиа алдсан, хэрэгт холбоотой хүн байгаа эсэх, мөн шүүх шинжилгээний хариу үнэн зөв гарсан эсэх нь ч тодорхой бус байгаа. Талийгаачийн хүүхдүүд болон дүү нар нь хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд ард түмэнтэй хамт гудамжинд гарч жагсана хэмээн мэдэгдэж байсан билээ.

Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг “Монголын хууль хяналтын байгууллага таг чиг, ар гэрийхэн нь цөхрөнгөө барж хүлээж сууна. Ард түмэнтэйгээ нэгдэж, амь нэхэх хөдөлгөөнд орох л үлдлээ” хэмээн бичсэн.

Мөн шүүх шинжилгээний хариу хэрхэн гарсан тухай мэдээлэл “zindaa.mn” сайтад анхлан тавигдсан юм. Талийгаачийн шүүх шинжилгээний хариуг ар гэрийнхэнд нь танилцуулсан, мөн түүний цуснаас их хэмжээний согтууруулах ундааны зүйл илэрсэн гэх ба хүчтэй доргилтын улмаас баруун тархинд цус харваж нас барсан гэх дүгнэлт гаргасан тухай мэдээлсэн юм. Мөн талийгаачийн өндрөөс унасан байдалд дүн шинжилгээ хийхэд гадны нөлөөтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гаргасан ч ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байдаг. 

Н.Номтойбаярыг яллагдагчаар татсан нь үнэн байжээ 

Хэдхэн өдрийн өмнө мэдээл­лийн хэд хэдэн сай­туу­даар УИХ-ын гишүүн Н.Номтой­баярыг хэрэгт хол­бог­дуулан яллагдагчаар тат­сан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Мөн зарим шар сайтууд тухайн өдөр өндөр дуугаар маргалдаж байсан бичлэг нь олджээ гэх мэтээр шуугиж байлаа.

Энэ бүхэнд Н.Номтойбаяр гишүүний зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй ч өнгөрөгч баасан гарагт олон нийтэд ил болсон албан бичгээс харвал УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг энэ сарын 19-ний өдөр яллагдагчаар татахаар шийдсэн нь үнэн болов. Гэхдээ хэн нэгнийг үхэлд буруутгаж биш гагцхүү худлаа мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр татахаар болсон нь дээрх албан бичгээс тодорхой харагдаж байна. Мөн энэ сарын 28-ны өдөр өөрийн албан ёсны твиттер хуудсандаа “Хэвлэлийнхэн гүтгэж, элийрэх нь дүүрч.

Гэхдээ цагдаагийн байгууллага намайг худал ярьсан хэмээн гүтгээд, бүр яллаж, торгох гээд байгааг зөвшөөрөшгүй. Хэрвээ эзэн “АПУ” П.Батсайхан болон Б.Ганхөлөг нар зөвшөөрвөл сэтгүүлч Ч.Лодойсамбуутай “Улаан бал”-д ороход бэлэн” хэмээн жиргэж, өөрийнхөө албан бичгийг жиргэсэн юм. 

“Архи уусан эсэхийг нь мэдэх боломж байгаагүй” 

Тэр албан бичигтээ ингэж бичжээ. Тодруулбал, Мөрдөн байцаах албаны дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд хаягласан албан бичигт “Н.Номтойбаяр миний бие Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт холбогдуулан гурван удаа мэдүүлэг өгсөн. Гэтэл аравдугаар сарын 31-ний өдөр Мөрдөн байцаах албаны Хэлтсийн дарга н.Эрдэнэбилэг надтай уулзаж, “Таныг гэрчийн мэдүүлэг өгөхдөө талийгаачийг архи уугаагүй гэж гэрчийн мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн 21.2-д заасан үндэслэлээр прокуророос сэжигтнээр татаж магадгүй” гэлээ.

Тус өдрийн маргааш буюу арваннэгдүгээр сарын 01-ний өдөр миний бие НПГ-ын Хяналтын прокурор С.Мөнхгэрэл, ахлах прокурор н.Батболд нартай өмгөөлөгч Н.Мандахын хамт уулзсан. Уулзалтаар ахлах прокурор С.Мөнхгэрэлээс “Г.Батхүү агсны нас барсантай холбогдуулан миний бие хардагдаж, сэрдэгдэж, шалгуулж байгаа зүйл бий юу” гэхэд “Тийм зүйл байхгүй” гэсэн хариу өгсөн /Шүүх шинжилгээний 1156 тоот дүгнэлтэд талийгаачийн үхлийн шалтгааныг “...тархины цус харвалт” гэсэн тогтоосон/.

Гэтэл НПГ-ын арваннэгдүгээр сарын 19-нд ирүүлсэн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлийг дурдсан байна. Миний бие тавдугаар сарын 19, 30-ны өдрүүдэд өгсөн мэдүүлэгтээ талийгаачийг архи хэрэглээгүй гэж мэдүүлсэн.

Харин зургадугаар сарын 18-ны өдөр ахлах мөрдөгч Н.Энх-Амгаланд өгсөн мэдүүлэгтээ “талийгаач хундагалж өгсөн архийг уусан, илэрхий мэдэгдсэн үйлдэл гаргаагүй” гэж мэдүүлснийг, мөн бусад гэрчийн мэдүүлэгч, “талийгаач уугаагүй юм шиг байсан” гэж мэдүүлснийг тус тус харгалзан үзээгүй. Мөн тогтоолд талийгаач 14.45 цагт Төрийн ордонд ирээд 18.50 цагийн орчимд надтай таарах хүртлээ хаана, хэнтэй уулзаж явсныг дурдаагүй.

Мөн шинжээчийн дүгнэлтээр гарсан “...ходоодны шингэнд 5.5 промилли спирт илэрсэн” нь манай өрөөнд байсан архи мөн эсэхийг шинжилж тогтоогоогүй. Тэгээд ч надад талийгаачийг архи уусныг үлээлгэж тогтоох драгер байгаагүй. Цусны шинжилгээ хийх лабораторийн төхөөрөмж байхгүй бөгөөд амыг нь үнэртэх боломж байгаагүй учраас өөрт анзаарагдсанаа бодитоор мэдүүлсэн. Талийгаач манай өрөөнд архи уугаагүй. Иймд зориуд худал мэдүүлсэн хэмээн намайг яллагдагчаар татаж байгаа нь өөрөө худал бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргаж байна” хэмээжээ. Мөн энэ мэдээллийг анхлан олон нийтэд цацсан нэр бүхий сайтууд болон соошл хаягуудыг анхаарах ёстойг мөн сануулж, гарын үсгээ зуржээ. 

Н.Номтойбаяр хаана юу хийж явна 

Тэгвэл хуулийн байгуул­лагын үндэслэлийг хүлээн зөв­шөөрөхгүй гэдгээ мэдэгд­сэн УИХ-ын гишүүн Н.Номтой­баяр энэ өдрүүдэд олон улсын авто уралдаанд оролцож яваа аж. Авто спортын бартаат замын “Rainforest Challenge Grand Final 2019” тэмцээн энэ сарын 28-наас арванхоёрдугаар сарын 10 хүртэл болно. Тус тэмцээнд манай улсаас найман тамирчин автомашины анги­лалд өрсөлдөж байгаа бөгөөд тэдний бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр багтжээ.

Эрхэм гишүүний тухайд энэ мэт хэл аманд үргэлж ордог бөгөөд 2017 онд түүний сууж авсан машин зам тээврийн осол гаргаж, мотоцикльтой нэг иргэн амиа алдаж байлаа. Хэргийг өдгөө хаасан бөгөөд талийгаачийг сог­туу­руулах ундааны зүйл хэрэг­лэсэн үедээ замын хөдөл­гөөнд оролцсон хэмээн бу­руут­гаж хэргийг хааж бай­лаа.

Мөн “мунзуй” хочит Г.Нямдорж гэгчтэй мар­гал­даж, хутга шөвөгний асуудалд холбогдож байв. Тэгвэл энэ удаа хуулийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн гэх дуу­лианд нэр холбогдлоо. Улсын Ерөнхий прокурорын газ­раас ч түүнийг яллаг­даг­чаар татсан гэдгийг нуусангүй. 

Б.Эрхэс