ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Дараагийн УИХ-ын дарга С.Бямбацогт

O.Admin
2018-06-20

С.Бямбацогтыг МАН дотроо зөвшилцсөн нь нэгэнт тодорхой боллоо. МАН 2020 оны сонгуульд ялалт байгуулахын тулд М.Энхболд тэргүүтэй хотын фракцыг тайрч хаяхаас өөр гарцгүй гэдэг нь ямар ч энгийн хүнд ойлгомжтой л асуудал байсан. 32 ийн бүлэг дотроос үүнийг тооцоолж, мэдэрч байгаа нь олон ч тэдний ихэнх нь битүүхэндээ тохиромжтой нөхцлийг л хүлээж байлаа. Харин УИХ-ын залуу гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ цэвэрлэгээг хийх туг нь болно гэдгээ албан ёсоор шахуу зарлаж орхив. Энэ нь МАН дотор шинэ нөхцөл байдал үүсгэлээ.

Эртнээс С.Бямбацогт амбийцтай гэдэг нь тодорхой байсан ч тохироо нэг л бүрдэж өгөхгүй явсаар ирсэн. Харин энэ удаа байдал өөрчлөгджээ. У.Хүрэлсүх С.Бямбацогтыг дуудаж уулзаад УИХ-ын даргын суудлыг өгье, намаа цэвэрлэхэд тусла эсвэл чамайг дэвшүүлэхгүй гэсэн 2 сонголтыг тулгасан байна. Харин тэрээр эхнийхийг сонгожээ. Хүссэн хүсээгүй хүн эцсийн мөчид хар амиа л бодно.

УИХ-ыг М.Энхболд биш С.Бямбацогт удирдах нь МАН-д бол хөөрхөн нэмэх оноо. Харин М.Энхболдоо буулгаж 60 тэрбумаа шалгаад эхэлвэл бол асар том нэмэх оноог МАН авч чадна. Гишүүн “НЕ ДУРАК” Одоо энэ уулзалтын араас дахин шинэ хуваагдал руу МАН-ын жолоо нэгэнт эргэчихлээ. Энэ бол М.Энхболдоос У.Хүрэлсүх рүү чиглэсэн чимээгүй нүүдэл юм. Энэ чимээгүй нүүдлийн ноён оргилоор С.Бямбацогт тодроод байгаа ч МАН-ын 32 ийн бүлгийн нижгээд гишүүн тохироо бүрдэхэд ухасхийх бэлтгэлээ өнгөрсөн хугацаанд дор бүрнээ л чимээгүйхэн базааж байсан.

Тайлбар нь их энгийн. Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж үгүй. Харин мөнхийн эрх ашиг гэж бий. Тэдэнд одоо 60 тэрбумаар нэр нь бохирдсон, улс төрийн карьер нь нэгэнт дуусаж байгаа М.Энхболдод үнэнч цариалаад явах ямар ч шалтаг, шалтгаан байхгүй. Өмнө нь бол тийм шалтгаан байсан. Намын дарга нэр дэвшүүлэх эсэхийг шийднэ шүү дээ. Харин 2020 онд би дахиж гишүүний зөөлөн суудалд суух уу эс суух уу гэсэн ганцхан эрх ашиг л тэднийг хүссэн хүсээгүй У.Хүрэлсүх рүү нүүхэд хүргэж байна.

УИХ-ын гишүүн чуулган дээр бандааш, боовны асуудал хэлэлцдэг гээд хичнээн тэнэг байлаа ч М.Энхболдтой сүжирсэн хүн нэр дэвшихгүй гэдгийг мэдэхтэйгээ л байгаа. Гишүүнд өөр нэг сонголт бий. Тэр нь М.Энхболддоо үнэнч үлдээд У.Хүрэлсүхийн засгийг түлхэж унагаад квотоо олж авах.

Энэ тохиолдолд нэр дэвшиж болох ч хоёронтоо засагаа унагаасны шагнал нь намаараа навс авхуулан лаазчин болно гэдгийг ямар ч тэнэг гишүүн тооцоолж чадна. Гишүүн "НЕ ДУРАК" Ордны хананд чих бий М.Энхболдын эргэн тойрон, ойрын хүрээллээс намын дарга У.Хүрэлсүх рүү сэмхэн гүйлдэж түүнд тал засч эхэлсэн нь үнэндээ өнгөрсөн намараас эхэлсэн юм.

Сүүлд Л.Оюун-Эрдэнэ гишүүний хийдэг мэдэгдэл бол адуугаа хурааж дуусах шат руу орж байна гэсэн үг. Энэ үнэрийг авсан М.Энхболдын шадар хоёр цэрэг Д.Оюунхорол, Д.Хаянхярваа нар сүүлийн үед байж ядан уурсаж бас тэвдэн сандарч эхэлжээ. Олуулаа байгаа гэж бодоод урд нь маадгар алхаж явсан нөхдүүд нэг эргэж хараад хулхидуулсанаа мэдэх бол том шок шүү дээ. Гэмт хүн л гэлбэлзэнэ. Учир нь М.Энхболд их хурлын даргаараа байж байх нь мань хоёрын аминд өлзийтэй. МАН-д өрнөж буй чимээгүй нүүдлийг тэд өөрсдөө ихэд нууцалж байгаа ч ордны хананд чих бий шүү дээ. Чимээгүй нүүдэл өрнөсөөр...

Ц.Сонор

Эх сурвалж: Toimnews.mn