ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Бямбадорж: Хүний эрхийн асуудлыг  саарал жагсаалтад оруулдаггүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-10

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж  өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр “1948 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэсэн амин чухал баримт бичгийг баталсан. Энэхүү тунхаглалаар хүн төрөлхтөн арьсны өнгө, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, язгуур угсаа бусад байдлыг үл харгалзан жам ёсны эрхүүдээ эдлэх ёстойг зарлан тунхагласан юм. Тунхаглал нь дэлхий нийтэд хамгийн олон буюу 500 гаруй хэл дээр орчуулагдсан баримт бичиг болжээ. Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улс саарал жагсаалтад орлоо гээд болгоомжилж байна. Харин хүний эрхийн асуудал бол саарал жагсаалтад оруулдаггүй. Шууд олон улсын хоригт оруулдаг. Олон улсын хориг бол улс төрийн болон эдийн засгийн гэсэн хоёр хэлбэртэй байна. Манай улс Үндсэн хуульдаа олон улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлнэ гэж заасан. Мөн олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон бол хууль дүрэмтэй адилтган биелүүлнэ гэж заасан. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Засгийн газруудын хүний эрхийн нийтлэг илтгэлүүдийг хэлэлцэж, зөвлөмж хүргүүлдэг. Гурав дахь нь хэлэлцүүлэг нь он гараад болох гэж байна. Эдгээр зөвлөмжийг биелүүлэхгүй бол олон улсын хориг арга хэмжээ авч болзошгүй. Бид болгоомжилж ажиллах ёстой” гэлээ.