ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шинжээч эмч нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-10

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гишүүн байх үедээ айлд хонож, улмаар тухайн айлд унтаж байсан Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон билээ.

Хохирогчийн эгч Ч.Саранзаяа энэ талаар анх удаа олон нийтэд мэдэгдэж, улмаар шүүхээс түүнд хоёр жилийн хорих ял оноогоод байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэн ШШҮХ-гийн шинжээч М.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нарыг яллагдагчаар тооцсон билээ.

Тэд 2017 оны зургадугаар сарын 19-нд дээрх хүрээлэнгийн байранд “иргэн Н-гаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор хөнжлийн даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэж дүгнэлт хуурамчаар үйлдсэн хэмээн буруутгагдаж буй юм. Тэгвэл өнөөдөр шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлсэн боловч хохирогч Ч.Наранзаяа, болон шинжээч эмч Ч.Баттогтох, Ш.Сарантуяа, гэрч Ж.Батдэлгэр, М.Энхтайван, Ч.Саранзаяа нар хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралд ирээгүй аж.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар дээрх хүмүүсийг шүүх хуралд ирүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг 2020 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулжээ.