ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Хашбаатар: Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэд хэдэн албан тушаалтны дунд шүүгчид ч бий

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-11

-Төрийн албан хаагчийн давхар ажил эрхлэлтээр 12 албан тушаалтныг шалгаж байна-


АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ оноос эхлэн бүх албан тушаалтны ХОМ-ийг олон нийтэд хүргэхээр болжээ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-АТГ-ын Үндэсний хөтөлбөр 2016 онд батлагдсан. Үндэс­ний хөтөлбөрт хийх ажлыг нэлээдгүй тусгаж өгсөн. Мөн хяналт дүн шинжилгээний чиглэлээр хэд хэдэн зүйлийг хөтөлбөрт тусгаж өгсөн бай­даг. Тухайлбал, нийтийн ал­бан тушаалтнуудаас авч байгаа ХОМ-ийг цахим­жуул­лаа. Түүнчлэн цахимаар эрсдэлтэй албан тушаалтныг гаргаж ирэх, нарийвчлан шалгахаар тусгасан. Тиймээс бид цахим хөгжүүлэлтийг давхар хийгээд явж байгаа.

-Анх цаасаар авдаг байсан. цахимжаад ирэхээр хяналт шал­галт явуулахад илүү тохиромж­той болсон биш үү?

-ХОМ-ийг 2007 оноос эхлэн авч эхэлсэн. Анх авахдаа цаасаар авдаг байсан бол 2012 оноос цахимжуулж эхэлсэн юм. Хэдийгээр цахимаар авч эхэлсэн ч гэсэн цахим гарын үсгийн хууль УИХ-аар батлагдсан. Тэгсэн ч иж бүрэн хэрэгжиж чадаагүй. Тиймээс давхар цаасаар авдаг байсан юм. Энэ байдлыг 2017 оны нэгдүгээр сард УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хурлаар баталгааны маягт гэдэг зүйлийг гарган, батлуулсан байдаг. Түүнээс хойш давхар цаас­аар ХОМ-ийг авдаг байсныг бүрэн хал­сан гэхэд болно. Ингэснээр эдийн засагт хэмнэлттэй төдийгүй тухайн албан тушаалтанд ногддог хүндрэлийг үгүй хийсэн томоохон алхам гэж хэлж болно.  

-Баталгааны маягтын дагуу мэдүүлгээ бөглөнө. Үнэн, зөв бөглөсөн эсэхийг баталгаажуулах уу?

-Баталгааны маягтаар  цахимд бөглөсөн 10 гаруй хуудас ХОМ-ийг үнэн зөв баталсан гэдэг баталгааг гаргаж, тухайн эрх бүхий албан тушаалтанд өгдөг. Мөн 200 гаруй төрийн албан тушаалтныг 2017, 2018, 2019 онд нийтэд зарласан. Гэхдээ хураангуй хэлбэрээр хүргэдэг байсан. Бидэнд ХОМ-ийн бааз хангалттай цугларчээ. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс жилд 40 гаруй мянган албан тушаалт­ны мэдээллийг бүрэн хянаж чаддаггүй. Зөвхөн 500 орчим хүний нарийвчилсан шалгалтыг давхар хийдэг. Үүнийг иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол болон эрсдэл бүхий байгууллагад нь түшиглэж, хяналт шалгалтын үйл ажиллагаагаа явуулдаг.

-Иргэдэд мэдээллийг нээлттэй болгож байгаа нь маш их давуу талтай.  Өмнө нь яагаад энэ ажлыг эхлүүлж болоогүй юм бэ?

-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна. Иргэдээс төрийн албан хаагчид шударга ажиллаж байна уу. ХОМ-т өөрчлөлт орж байна уу гэдгийг хянаж байх зорилготой юм. Өөрөөр хэлбэл, АТГ хөндлөнгийн хяналтыг сайжруулж байна гэсэн үг.

-2020 оны хоёрдугаар сарын 15-ны дотор 2019 оны ХОМ-ийг олон нийтэд зарлана шүү дээ?

-Он гараад буюу хоёрдугаар сарын 15-ны дотор нийтийн албан тушаалтны ХОМ-ийг олон нийтэд хүргэнэ. ХОМ-ийг иргэдэд хэрхэн хянах вэ гэдэг талаар орон нутагт ажиллах үеэрээ сургалт болон зааварчилгааг өгч ажилласан. Иргэдэд мэдээллийг хэдийгээр нээлттэй болгосон ч төдийлөн хяналтаа дээшлүүлж чадахгүй байна. Сонирхогчийн түвшинд хэвлэл мэдээллийн байгууллага болон судалгааны газрууд байгаа. Гэхдээ бидэнд ирсэн мэдээллээр иргэдийн түвшин ахисан байна лээ. Тиймээс илүү нарийвчилсан түвшинд хүрэх ёстой.

-ХОМ-гээ өгөөгүй албан тушаалтан бий юу?

-99.9 хувьтай өгсөн.

 

...305 албан хаагчийн ХОМ-ийг шалгаад 31 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Түүнээс 21 нийтийн албан тушаалтны өргөдөл, гомдлыг мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажлын хэлтэст үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр нарийвчилсан шалгуулахаар хандаад байна...

 

-Та дээр хөндлөнгийн хяналтыг давхар нэмэгдүүлсэн гэсэн. Иргэдийн зүгээс хэр их гомдол ирэх вэ?

-Нийтийн албан тушаалтнуудын ашиг сонирхолтой холбоотой өргөдөл, гомдлыг шалгадаг. Энэ талаарх өргөдөл гомдлууд сүүлийн үед нэмэгдэж байгаа. Ингэж нэмэг­дэж байгаа нь хэд хэдэн шалтгаан­тай. Энэ чиглэлийн сургалтыг АТГ-аас хийж байгаа болохоор нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн талаар иргэд мэдээлж байна. Мөн олон нийтийг соён гэгээрүүлэх, сурталчилгааг сайн хийж байгаа. Тиймээс иргэдээс ирэх мэдээлэл нэмэгдэж байна. Тухайлбал, 2018 онуудад авсан өргөдөл, гомдол 45 буюу 650 орчим болж нэмэгдсэн. Энэ нь зөвхөн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй  холбоотой шүү дээ. 2019 оны есөн сарын байдлаар 600 орчим өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Цаашид энэ тоо  байнгын өсөлттэй байх нь тодорхой байгаа. Түүнчлэн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдолд бид хяналт шалгалт хийгээд 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ. Түүнээс найман хүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Бусад албан хаагчдыг сануулах, цалин болон албан тушаал  бууруулахаар эрх бүхий байгууллагад нь хандсан.

-ХОМ-т хяналтыг хэрхэн тавьж байгаа вэ?

-ХОМ-ийг давхар шалгаж байгаа. 500 орчим ХОМ-ийг шалгаж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар 305 орчим нийтийн албан тушаалтны ХОМ-ийг шалгасан. Түүнээс Улсын дээд шүүх, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт байгууллагуудыг төлөвлөгөөт шалгалтаар шалгасан. Бусад байгууллагуудыг мөрдөн шалгах хэлтэс болон иргэдийн ирүүлсэн гомдлын хүрээнд шалгалт явуулсан.

-ХОМ-ийг шалгаад ямар зөрчил илрүүлсэн бэ. Үндэслэлгүй хөрөнгөжсөн албан тушаалтан байна уу. Энэ талаар Татварын ерөнхий газартай хамтарсан мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Үнэн. 305 албан хаагчийн ХОМ-ийг шалгаад 31 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Түүнээс 21 нийтийн албан тушаалтны өргөдөл, гомдлыг мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажлын хэлтэст үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр нарийвчилсан шалгуулахаар хандаад байна.

-Хяналт шалгалтыг нэг талаас нь бус холбогдох байгууллагатай хамтрахаар авлигаас зугтах аргагүй болж байгааг илтгэж байна уу?

-Энэ чиглэлээр манай байгууллага өмнө нь багагүй ажлыг хийсэн. Сүүлийн үед цахим засаглал буюу энэ чиглэлээр нэлээдгүй ажлыг хийж байна. Бусад байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор ажлуудыг давхар хийсэн. Тиймээс энэ онд Татварын Ерөнхий газартай хамтран ажиллаж байна. Татварын Ерөнхий газарт ХОМ-ийн мэдүүлгээс хамгийн өндөр орлого олсон 10 орчим албан хаагчийг түүврийн аргаар авсан. Түүнийгээ Татварын Ерөнхий газарт хүргүүлсэн. Урьдчилсан байдлаар 500 гаруй сая төгрөгийн зөрчил 80 гаруй сая төгрөгийн акт үйлдлээ. Улсын төсөвт 80 сая төгрөгийн татвар ногдуулсан гэсэн үг. Энэ чиглэлээр цаашид хүрээг нь тэлж, үргэлжлүүлж ажиллана.

-Төрийн өндөр албан тушаалтан нөлөө бүхий хүмүүсээс үндэслэлгүй хөрөнгөжсөн зөрчил илэрсэн үү. Боломжтой бол та нэрийг нь зарлаж болох уу. Зүгээр 80 сая төгрөгөөр торгоод асуудлыг шийдэх үү. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бүтцийн хувьд харилцан адилгүй албан тушаалтнууд байна. Тэд ихэнхдээ бизнес эрхэлж байсан аж ахуйн нэгжтэй албан тушаалтнуудын хөрөнгийг тандахаар шалгалт явуулсан гэж ойлгож болно.

-Нэрийг нь хэлэх боломжтой юу?

-Болохгүй. Гэхдээ удахгүй олон нийтэд энэ талаар мэдээлэл өгнө.

-Үндэслэлгүй хөрөнгөжсөн нь шалгалтаар тогтоогдсон. Хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?

-Хоёр асуудал бий. Тухайлбал, үндэслэлгүй хөрөнгөжсөн авлигын зөрчил гэж байгаа. Нөгөө нь үндэслэлгүй хөрөнгөжсөн авлигын гэмт хэрэг гэж байна. Авлигын зөрчлийг Авлигын эсрэг хуулийн 7.1.8-д тодорхойлсноор тухайн хүний зургаан сараас дээш цалинтай тэнцэх хөрөнгийн эх үүсвэрээ  үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй бол үндэслэл­гүй хөрөнгөжих авлигын зөрчил гэж үзнэ. Тэгвэл өөрийнхөө хууль ёсны олсон орлогоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй буюу 50 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгөө хууль ёсны гэдгээ баталж чадахгүй бол үндэслэлгүй хөрөнгөжих гэж заасан.

-Ямар хүмүүс багтаж байгаа вэ. Үндэслэлгүй гэхээр мэдээж эрх бүхий албан тушаалтан байх нь тодорхой шүү дээ?

-Үндэслэлгүй хөрөнгөжих чиглэл­ээр манай мөрдөн шалгах хэлтэст нэлээдгүй хэрэг шалгагдаж байгаа. Энэ дотор шүүгчид ч бий. Үндэслэлгүй хөрөнгөжсөн зөрчил илэрсэн бол шүүхээс хариуцлага тооцуулах асуудлыг хуульд тусгасан. Энэ талаар бид ажиллаж байна.

-Авлигын эсрэг хуулийг дэндүү сул байна. Авлигачдын толгойг илж байна гэж үзээд байгаа. Та үүнтэй санал нийлэх үү. Тиймээс Монголд энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй гэж  тайлбарлаж байна шүү дээ?

-Нэг үеэ бодоход нийтийн албан тушаалтнууд ХОМ-гээ өгөөд хэвшчихлээ. Харин эсрэгээрээ яагаад ингээд олон зөрчил илрээд байна гэхээр, өнгөрсөн хугацаанд огт шалгагдаж байгаагүй хүмүүсийн мэдлэг, мэдээлэл муу байна. Түүнээс болоод асуудалд орох нь элбэг. Зарим нөхцөлд албан тушаалтнууд 10-аад жил ХОМ-ээд сурчихсан хүмүүс хөрөнгө хувиргах тал руу нэлээд орж байна. Үүнийг илрүүлэх чиглэлээр бусад мэргэжлийн төрөл албатай хамтран ажилладаг. Энэ талаарх олон улсын туршлага ч бий. Тэр дундаа үндэслэлгүй хөрөнгөжих чиглэлээр дан ганц өөрийнхөө хөрөнгийг бүртгэхээс гадна бусдын нэр дээр шилжүүлэх, өөр хүний нэр дээр машин унах, байр сав худалдан авах, бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг зэргээр хэлбэрээ өөрчилж байгаа зүйл их ажиглагдаж байна. Энэ чиглэлээр АТГ болон бусад газруудтай хамтарч ажиллаж байгаа.

-Авлигаас ангижрах ямар алхмыг хийж байгаа вэ?

-АТГ авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл гарч байгаа талаар судалгаа хийдэг. Хууль эрх зүйн орчныг ч дээшлүүлж байна.

-Төрийн албан тушаалтнуудын давхар хөдөлмөр эрхлэлтийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран хяналт  шалгалтыг хийж байгаа гэсэн. Ямар нэгэн зөрчил илэрсэн үү?

-Хуульд давхар ажил эрхлэлттэй холбоотой зохицуулалт байгаа. Энэ хүрээнд хяналт шалгалт хийхээр Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хандаж, зарим төрийн байгууллагын албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтээр судалгааг авсан. Энэ талаар судлаад ажиллаж байна. Эхний 12 албан тушаалдуудын судалгааг шалгаж байна.