ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Өргөн нэвтрүүлгийн сан" улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжинэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-12

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталжээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас гурван жилийн өмнө буюу 2016 онд өргөн мэдүүлсэн.

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгаад байгаа юм. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Тогтохсүрэн хийсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “1990 он хүртэл цор ганц телевизтэй байсан бол одоогийн байдлаар улсын хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий 88 телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх 85, кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэх 16, олон сувгаар дамжуулан үйлчилгээ эрхлэх 51 зөвшөөрөл эзэмшигч бий болжээ. 50 гаруйхан жилийн түүхтэй манай телевизийн салбар хэр эрчимтэй хөгжсөнийг илтгэж байна. Нөгөөтээгүүр үзэгчдийг контент, үйлчилгээ чанараас хамгаалах зохицуулалт байхгүй, чанаргүй контент, оюуны өмчийн зөрчил, хөтөлбөр нь үндэсний үндэсний агуулга бага байх, хараат бус байдал алдагдах, зар сурталчилгаа хэт ихсэх, телевиз, сувгийн ялгаагүй болох зэрэг олон сөрөг үр дагавар бий болсон байна.

Иймд эдгээр асуудлыг зохицуулах Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг батлах гэж байна. Энэ хууль батлагдвал телевизийн салбарын цаашдын тогтвортой хөгжил, оюуны өмчийн эрхийг хангах, медиа бизнесийг амжилттай эрхлэх боломжийг нээж өгөх, сэтгүүлч, редакц илүү хараат бусаар ажиллах зэрэг олон ач холбогдолтой.

Өргөн нэвтрүүлгийн салбарын мэдээллийн ил тод байдлыг мөн тодорхой болгож байгаа. Шинэ хууль орон нутгийн телевизүүдэд ямар боломж, давуу талыг бий болгох вэ” гэлээ. Харин ажлын хэсгийнхэн “Өргөн нэвтрүүлгийн сан нь өргөн нэвтрүүлгийн радио, телевизэд бүгдэд нь үйлчилнэ. Үндэсний бүтээл, түүхийн нэвтрүүлгийг дэмжинэ.

Улсын болон орон нутгийн төсөв, улсын болон дотоодын аж ахуйн нэгжийн хандиваас санхүүжинэ” гэсэн хариулт өгөв.  Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг арилжааны телевизүүд өнгөрсөн хугацаанд хуульгүй явж ирснийг онцолж, энэ хууль батлагдана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв. Мөн телевизүүд бусдын нэр хүндэд халдаж байна гэлээ.

Хуралдаанд оролцсон 44 гишүүний 36 нь дэмжсэнээр олонхийн саналаар эцэслэн баталлаа. Хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Төрийн ордонд мөн ажлын хэсгийнхэн мэдээлэл өгсөн юм. УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2020 оны төсөвт хэсэгчлэн тавьсан хоригийн асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд хийсэн юм.