ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Хөөн хэлэлцэх хугацаа дуустал парламентын гишүүн болох боломжийг нээж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-18

Сонгуулийн тухай хуульд оруулж байгаа өөрчлөлттэй холбоотой маргаан нэлээд гарч буй. Ялангуяа өмнө нь ял эдэлж байсан болон яллагдагчаар татагдаж байсан хүн нэр дэвших эрхтэй байхаар тусгаж байгаа нь олны зүгээс шүүмжлэлд өртөөд буй. Энэ заалтад ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ ч мөн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тэрбээр “Хэрэг хийсэн хүмүүс олноор нэр дэвшинэ. Та нар харж байгаарай. Хэрэг нь шүүх дээр явж байгаа хүмүүсээс олон хүн нэр дэвшинэ гэсэн мэдээлэл ирж байгаа. Яах гэж байна гэсэн үг вэ. Хөөн хэлэлцэх хугацаа дуустал парламентын гишүүн болно гэсэн үг. Яаж ийгээд тохироод, авлигынхаа мөнгөөр парламентад орж ирнэ. Манай ах нар хөөн хэлэлцэх хугацаан дээр өөрсдөдөө зориулаад зохион байгуулалт хийчихсэн. Дөрвөн жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаар аягүй бол дахиад нэр дэвшинэ. УИХ цэгцэрч байж засаглал цэгцэрнэ. Засаглал цэгцэрч байж төрийн алба цэгцэрнэ. Төрийн алба цэгцэрч байж нийгэм цэгцэрнэ. Тиймээс УИХ хууль тогтоох, эрх барих дээд байгууллага мөн л юм бол бид ёс зүйн ямар нэгэн шаардлагуудыг ярих цаг нь болсон. Хүний үндсэн эрхтэй холбоотой асуудлыг ойлгож байна. Гэхдээ эрх чөлөөний хажуугаар хариуцлага гэдэг зүйлийг ярих цаг нь болсон байх гэж бодож байна” гэжээ.