ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: Гурван мандаттай тойргийн сонгогч гурван хүний нэр дугуйлна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-18

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асууж байна.

Я.Содбаатар: Сонгуулийн хуульд бид иргэдийн сонгох сонгогдох үндсэн эрхийг хангах асуудлыг гол болгох хэрэгтэй. Санал гээгддэггүй байх зарчимтай байх ёстой. Иргэдийн саналд хөндлөнгийн нөлөөлөл бага байх ёстой. Мөнгөний болоод хууль хүчнийхний, хэвлэл мэдээллийнхний нөлөөллийг багасгах чиглэлд ажиллах ёстой. Сонгуулийн хуулийн нэг чухал зүйл нь иргэдийн саналаар гарч ирж байгаа парламентаар хэрүүлгүй байлгах юм. Сонгогдсон нэр дэвшигчийн эрохийг баталгаажуулах асуудал чухал. Хэдэн сар жил дамжаад хууль, цагдаагаар явдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулсан бэ. Улстөрчид өөрсдийнхөө талаас яриад байна.

Д.Тогтохсүрэн: Сүүлийн 30 жил сонгууль хийж байна. Иргэд ч нэр дэвшигчид ч сонгуулийн талаар мэдлэг сайтай болсон. Нөлөөллийн тухайд нөлөөлллийг багасгах зорилгоор олон мандат бүхий мажоритар том тойргийг санал болгож байгаа. Томсгосон мажоритар нөлөөллийг багасгахад хамгийн том түлхэц болно.

Б.Бат-Эрдэнэ: Тойрогт ногдсон мандатын тоотой ижил тооны санал дугуйлах юм уу. Зөвхөн намайг дугуйл бусад тойргоос зөвхөн жижиг намыг дугуйл гэдэг. Ийм асуудал их гарч байсан. Энэ бүхнийг та бүхэн тооцоолж үзсэн үү. Сонгуулийг мөнгөнд тулгуурладаг асуудлыг яаж шийдэх юм бэ. Цахим орчинд бид их эмзэг хандах юм. Сонгуулийн хуулиар цахим орчныг хязгаарлана гэсэн асуудал ярьж байсан. Ийм зүйлийг сонгуулийн хуульд оруулаагүй биз дээ. Ингэж иргэдийн эрхийг зөрчиж болохгүй.

Д.Тогтохсүрэн: Мандатын тоотой тэнцүү тооны санал өгнө. Нэг тойрогт таван мандат байгаа бол сонгогч нэр дэвшигчдээс таван хүний нэрийг дугуйлна гэсэн үг.

...Чуулганы хуралдаан үргэлжилж байна.