ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Насанбат: Уулчин хүнийг нэг оргилд гарахад нөгөө оргил нь дуудаж байдаг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-10

-Хамтдаа алхаж, оргилд тэмүүлсэн таван жилийг үдлээ-

“Хамтдаа алхацгаая” клубын таван жилийн ойг тохиолдуулан тус клубын үүсгэн байгуулагч Ц.Мөнхбаяр, Ж.Насанбат УЗ-ийн гишүүн Л.Золбаяр нартай уулын спортын талаар ярилцлаа. 

-“Хамтдаа алхацгаая” клубын таван жилийн ой тохиож байгаа юм байна. Энэ хугацаанд ямар үр дүнд хүрч, хэр амжилттай байв?

-“Хамтдаа алхацгаая” клубыг байгуулаад таван жил өнгөрсөн байна. Аливаа зүйлийг эхлэхийн тулд төгс байх шаардлагагүй,  төгс болгохын тулд эхлэх ёстой гэдэг үг байдаг. Бид яг л энэ зарчмаар байгуулагдсан гэхэд болно. Гэр бүл, найз нөхдийн хүрээнд тус тусдаа алхдаг байсан хүмүүс ууланд танилцаж, хамт алхаж байхаар болсон юм. Анх фэйсбүүк грүпп нээгээд зургаа долоохон хүн нийлж алхдаг байсан бол таван жилийн хугацаанд долоон мянган хүн нэгдсэн байна. Клубын үндсэн гишүүд гэвэл 60-70 орчим хүн бий. Бид анх Богд уулын “Дугуй цагаан” руу алхдаг байлаа. Хүний шунал хүсэл хязгааргүй байдаг болохоор явах тусам өөр замаар, бүр өөр газраар явж үзмээр санагддаг. Богд уулынхаа хэдэн талаар явсны дараа нийслэлээ тойрсон дөрвөн хайрханаар бүгдээр нь явж үзмээр санагдана. Энэ мэт олуулаа нийлж алхсаар, явах тусам сонирхол нэгтнүүд нэмэгдсээр клуб маань өдгөө төрийн бус байгууллага болтлоо хөгжлөө. Ууланд алхах сонирхолтой хэн ч байсан манай клубт нэгдэх боломжтой. Удахгүй бид 230 дахь алхалтаа зохион байгуулах гэж байна. 

-Уулын спорт дотроо олон төрөл байдаг юм билээ. Танай клубт зөвхөн алхах сонирхолтой хүмүүс нэгддэг үү?

-Үгүй. Ямар ч хүнд манайх нээлттэй. Бид зөвхөн алхдаггүй. Алхахаас гадна уулын гүйлт хийдэг. Гүйлт дотроо маш олон төрөл байгаа шүү дээ. Жишээлбэл, уулын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулах үед таван километрээс эхэлж байсан хүмүүс 10, 21, 42 гэх мэтээр өсөөд явчихаж байгаа юм. Олон улсын марафон тэмцээнүүдэд ч манай гишүүдээс оролцож байна. Скай раннинг буюу уулан дээгүүр гүйдэг гүйлтээр мөн хичээллэж байгаа. Ултра буюу хэт холын зайн гүйлтээр мөн манай клубын гишүүд хичээллэдэг. Түүнээс гадна хамт олноороо холын алхалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Уулын спорт сонирхогчид ихэнх нь аялах дуртай хүмүүс байдаг. Тиймээс бид Хагийн хар нуурын аялал гэх мэт 4-5 хоногийн холын аяллуудыг зохион байгуулдаг юм. Ууланд дурлаж байгаа хүмүүсийн өндрийн босго болох Асралт хайрханд 2016 оноос хойш ээлж, дараалан авирч байна. Ууланд авирах улирлын цонхууд гэж байдаг. Асралт хайрханд арваннэгдүгээр сарын сүүлээс гуравдугаар сарын хооронд гарахад тохиромжтой байх жишээтэй. Клуб дотроо ярьж байгаад баг гаргаад явдаг. 

-Уул бүрийн авирах тохиромжтой цаг үе нь өөр өөр байдаг гэсэн үг үү?

-Тийм. Монгол Улс дөрвөн том нуруутай шүү дээ. Хан хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханы тухайд арваннэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд авирахад тохиромжтой байдаг бол Саяны нурууны ноён оргил болох Мөнх сарьдагт гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд авирах илүү тохиромжтой байх жишээтэй. Саяны нурууны ноён оргилд манай клубээс маш олон хүн авирч байна. Заримдаа клубээрээ баг болоод явна, зарим үед бусад уулчидтай хамт баг бүрдүүлээд явдаг. Хүсэл сонирхол, зорилго нэгтэй байна гэдэг найзалж, нөхөрлөх шалтгаан болдог. Энэ утгаараа бүх уулчид найз нөхөд байдаг. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханд манайхаас мөн авиралт хийж байсан. Энэ хайрханы оргилд нэлээд олон хүн гарсан. Бас нэлээд эрсдэлтэй учирсан байдаг. Тэгээд энэ хайрханд авирахаа болъё гээд Хангайн нурууны өөр нэг оргил болох Их богд руу  авирч байна. Монгол орон өөрөө уулын нутаг учраас Сутай хайрхан, Баатар хайрхан, Мөнх хайрхан гэх мэт уулчдын мөрөөдөл болсон олон сайхан оргилууд бий. 

-Танай клуб долоон мянга гаруй дагагч гишүүнтэй гэж байна. Ер нь сүүлийн үед ууланд алхдаг хүмүүсийн хүрээ тэлээд байх шиг санагддаг?

-Олуулаа болох тусам нийгэмд нөлөөлөх нөлөөлөл нь нэмэгддэг юм байна. Энэ утгаараа бид нийгэмд аль болох эерэг хандлагыг бий болгох, амьдралын зөв хэвшлийг дадал болгохыг зорьж байгаа. Саяхан Нийслэлээс зохион байгуулсан их цэвэрлэгээний үеэр манайд санал тавиад  бид хамтарч ажиллаж байх жишээтэй. Ер нь ууланд явна гэдэг тэр хэмжээгээрээ эх дэлхийдээ өөриймсөж, хайрлаж, түүнийгээ дагаад ширхэг тамхины иш хэвтэж байсан ч авдаг сэтгэлгээ суудаг. Түүнээс гадна олуулаа нэг хамт олон болж, нэг хүсэл тэмүүлэлтэй явна гэдэг хүний нийгэмшил, төлөвшилд ч асар их нөлөөлдөг. 

-Уулын спорт гэдэг маш эрсдэлтэй спорт шүү дээ. Зөвхөн уулын оргилд хүрэхийн тулд амь насаа эрсдэлд оруулдаг. Юунд нь болж уулчид ингэж дурладаг юм бол гэж боддог хүмүүс олон байдаг байх. Уулчин хүний мэдэрдэг сайхан мэдрэмжүүд байх л даа? 

-Ц.Мөнхбаяр: Хүний сонирхол гэдэг их сонин. Уулын спорт бол авирах тусам илүү ихийг хүсдэг. Илүүг хүсэх тусмаа тэр хэмжээгээр эрсдэл дагуулдаг. Мэдээж хүн эрсдэлд учрахгүйн тулд бэлтгэлээ сайн хангаж, сургалтаа сайн хийж явах ёстой. Маргааш очоод, нөгөөдөр авиралтаа эхэлнэ гэдэг зүйл байхгүй. Алтай таван богдын Хүйтний оргилд гарна гэхэд эхлээд Баян-Өлгий орно. Баян-Өлгийгөөс цааш авиралт эхлэх газрын наана очиж байрлана. Тэндээсээ л цаг агаар гэх мэт бүх зүйлээ тооцоолж эхэлнэ. Уулчид маш сайн цаг уурчид байдаг юм шүү дээ. Ер нь өндөр уул гэдэг үдээс хойшдоо шуураад эхэлдэг. Уулын дор зуны халуун  өдөр болж байхад оргилд юу болж байхыг төсөөлөх аргагүй. Долдугаар сарын хамгийн дулаан өдөр явахдаа бид өвлийн хувцастай явж байх жишээтэй. Уулан дээр гарахад орчлон хорвоог алган дээрээ харж байгаа мэт мэдрэмж төрдөг. Уулчин бүр өөр өөрийнхөөрөө мэдэрдэг. Түүндээ улам их дурладаг. Миний хувьд уулын оргилд гарах тэнгэрт гарсан мэт санагддаг. Ер нь уулчин хүн оргилд гараад, зорилгодоо хүрээд зогсож байх тэр мэдрэмжийг үгээр илэрхийлж чадахгүй байна. 

-Ж.Насанбат: Өөрийгөө ялсан мэдрэмж сайхан л даа. Ер нь уулчин хүнийг нэг оргилд гарахаар нөгөө оргил нь дуудаад байдаг. Түүнийг шөнө нь зүүдэлнэ. Яалт ч үгүй хүсэл, мөрөөдөл болсон хойно явахаас өөр аргагүй. 

-Хамгийн эрсдэлтэй, хамгийн хэцүү авиралт, аяллуудынхаа талаар дурсвал?

-Ж.Насанбат: Уул бүхэн эрсдэлтэй. Богд уул ч гэсэн эрсдэлтэй. Ер нь уулчин хүнд хоёр дахь алдаа гэж байдаггүй. Ямар ч уулыг басаж болохгүй. Бидний гарч байсан хамгийн өндөр уул бол Алтай таван богдын Хүйтний оргил. Монголын хамгийн өндөр цэг шүү дээ. Клубээрээ гарсан хамгийн өндөр оргил энэ юм. 

-Ц.Мөнхбаяр: Авиралт бүхэн л хүнд хэцүү байдаг. Гол нь зорьсондоо хүрээд, оргилд нь гарна гэдэг юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж. Байгалийн сүр хүчний өмнө хүн гэдэг ямар өчүүхэн бэ гэдгийг авиралт бүхэн, аялал, алхалт  бүхнээс мэдэрдэг. Тэр тусмаа л хүн байгальд илүү хайртай болж, ууланд татагддаг юм билээ. Нэг явсан газраараа өвөл явбал, намар явбал ямар байх бол гэсэн наад захын бодол, хүсэл уулчинд байнга төрдөг юм. Явах бүртээ өөр өөр мэдрэмжүүдийг авдаг. 

-Хэдий багаараа ууланд авирч байгаа ч гэсэн оргилд нь бусдаасаа түрүүлж хүрнэ гэдэг уулчдын том өрсөлдөөн байдаг байх?

-Ц.Мөнхбаяр: Уулын спортод өрсөлдөөн гэж байхгүй. Өрсөлдвөл үхэл рүү өөрсдийгөө түлхэж байна гэсэн үг. Өрсөлдөөн байхгүй, үзэгч байхгүй гэдгээрээ онцлогтой спорт. Хүнд гайхуулах ямар ч шаардлага байхгүй. Уулчин хүн зөвхөн оргилд гарах үеийн сэтгэл ханамж, мэдрэмжийг авахын тулд л авирдаг. 

-Авиралт, аяллуудынхаа төсөв хөрөнгийг яаж зохицуулдаг юм бэ?

-Сайн дураар явдаг учраас хувь хүн өөрөө зохицуулна. Гэхдээ хамтарч ажилладаг байгууллагуудын тусламж дэмжлэг байдаг. Уулын спортын өртөг их өндөр шүү дээ. Зөвхөн гутал л гэхэд доод тал сая төгрөгийн үнэтэй байх жишээтэй. 

-Нийгэмд чиглэсэн ажлуудыг хийдэг гэж байсан. Таван жилийн ойн хүрээндээ ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Манай клубээс тогтмол хийдэг нийгэмд чиглэсэн ажил гэвэл Нялхсын төв сувилалтай хамтран “Нэг хүн нэг сүү” гэдэг хандвын аяныг уулчдын дунд зохион байгуулдаг юм. Мөн клубээрээ нэгдэж сайн үйлсийн аянд нэгдэх, нийгэмд чиглэсэн олон нийтийн ажилд оролцох гэх мэт ажлуудыг зохион байгуулж байна. Сүүлийн үед бид хүмүүсийг эерэг хандлагад уриалан дуудаж, зөв дадал хэвшлийг бий болгохыг зорьж байна. 

-Клубын гишүүд ямар нэг татвар, хураамж төлөх үү?

-Клубын УЗ-ийн гишүүн Л.Золбаяр: Нэг, хоёр удаагийн алхалтад хамт явсан хүмүүс танай үндсэн гишүүн болъё гээд хүсэлт тавьдаг юм. Үндсэн гишүүнээр элсүүлэхдээ алхалтандаа тогтмол ирэх, сард таван мянган төгрөг төлөх гэх мэт багахан хэмжээний шаардлага тавьдаг. Үндсэн гишүүдээсээ сар бүр таван мянган төгрөг хурааж, клубээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд зарцуулдаг. Үүнээс өөр ямар нэг төлбөр, хураамж гэж байхгүй. Харин аялах зардлаа тухайн үедээ аялагчдынхаа тооноос хамаараад тооцоолоод, өөрсдөө гаргадаг юм. 

-Уулчдын даатгалын асуудал нэлээд хүнд байдаг гэж сонссон. Даатгалын газрууд уулчдыг даатгахаас татгалзах хандлагатай байдаг гэсэн үнэн үү?

-Ж.Насанбат: Уулын спорт гэдэг өөрөө маш эрсдэлтэй спорт учраас тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголынхоо ууланд авирахдаа даатгуулах нь ховор. Өөрийнхөө дур, сонирхлоор явж байгаа учраас ямар нэг эрсдэл үүсвэл гомдолгүй гэсэн гарын үсэг зурдаг. 4000 метрээс дээш ууланд, ялангуяа хилийн бүсийн ууланд авирах үед гарын үсэг зурдаг юм. Монголд бол уулчдыг бүрэн даатгадаг компани бараг байдаггүй юм билээ. Уулчид дандаа гадны компаниудаар даатгуулдаг. 

-Уулын гүйлтийн холбоо байгуулсан талаар сая хальт дурдсан. Энэ талаар дэлгэрүүлээч?

-Л.Золбаяр: Уулын холбоо ч мөн дотроо Скай раннинг буюу уулын гүйлтийн хороотой байдаг. Тэр жишгээр бид Монголдоо уулын гүйлтийн хороо байгуулаад ажиллаж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард анхныхаа уулын гүйлтийн албан ёсны тэмцээнийг Асралт хайрханд зохион байгуулсан. 

-Отгонтэнгэр хайрханд осолдсон уулчдын дунд танай клубын уулчид байсан гэж дуулсан. Таван жилийн ойгоороо тэдгээр журмын нөхдөө дурсах байх?

-Манай клубийн дөрвөн сайхан найз тэр осолд өртсөн байдаг. Бид нэг хүсэл мөрөөдөлтэй, нэг санаатай нэгэн зорилгын дор мөр зэрэгцэн нөхөрлөж явсан уулчдаа ойн өдрөөрөө дурсах нь зүйн хэрэг. Таван жил гэдэг бол урт хугацаа. Энэ хугацаанд сайн сайхан зүйл ч, гуниг харуусал ч тохиолдож байлаа. Дэврүүн хүсэл тэмүүлэлтэй бидэнд тэр осол хатуу сургамж болсон. 

-Уулчдын оргилоос харж мэдэрсэн байгалийн сайхныг бусад хүмүүс ч харахыг хүсдэг. Та бүхэн өөрсдийнхөө харсан зүйлийг бусадтай хуваалцах талаар ямар бодолтой байдаг вэ?

-Бид аялал, алхалт бүртээ бичлэг хийдэг. Бичлэгээ сонирхолтой болгох үүднээс хөгжүүлсээр байна. Удахгүй “Youtube” сувагтай болохоор ажиллаж байна. Ер нь цаашдаа бүх соошл сүлжээг ашиглан уулын спорт, тэр дундаа алхалтыг олон нийтэд түгээх талаар ажиллана. Мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүмүүст эерэг хандлага түгээе гэдэг зарчмыг баримталж байна. Энэ дашрамд хэлэхэд бид бүгдийн талархаж явдаг нэг хүн бий. Тэр хүн бол манай “Хамтдаа алхацгаая” клубыг хамгийн анх үүсгэн байгуулсан Ж.Үүриймаа гэж бүсгүй байдаг юм. Одоо манай клубын Удирдах Зөвлөлийн даргын албан тушаалыг хашдаг. Үүриймаа найздаа  таван жилийнхээ ойг тохиолдуулан баяр хүргээд сайн сайхан бүхнийг хүсье!