ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зээлгүй 194 мянган ахмадад сая төгрөгийн үнэт цаас олгоно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-10

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар ахмадын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлыг хэлэлцэх эсэх нь хүлээлт үүсгэж байв. Улмаар, чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх болон түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг эхлээд хэлэлцэж, гишүүдийн олонхи нь дэмжлээ. 

Үргэлжлүүлэн, Мөнгө угаах болон терроризмыг сан­хүү­жүү­лэх­тэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах, Ерөнхий­лөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн, дэмжлээ.  Мөн Ерөнхийлөгчийн сон­гуулийн тухай хуулийн төс­лийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзанданы зүгээс парламентад суу­дал­гүй улс төрийн намууд Ерөнхий­лөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх боломжгүй гэж Үндсэн хуульд хатуу заагаагүй учраас цаашдаа бусад улс төрийн хүчнүүд өрсөлдөөнд оролцох боломжийг нээж өгч болох эсэхийг тодруулав.

Харин ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Үндсэн хуульд парламентад суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж заасан учраас боломжгүй гэсэн хариулт өгсөн юм. Гэвч энэхүү шийдвэр нь олон улсын байгууллагын үзсэнээр хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл учраас энэ асуудлаар тодорхой шийдэл гаргах ажлын хэсэг байгуулах ёстой гэдэг санал ч Ж.Батзандан гишүүнээс гарлаа. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн учраас хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Тэтгэврийн зээлийг жилд нэг удаа, зургаан сараар олгоно

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааны дараа МАН-ын бүлэг хуралдаж, тэтгэврийн зээлийн асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Учир нь Ерөнхийлөгч мэдэгдэл хийж, Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл өргөн барьсны дараа зээлгүй ахмадуудыг ялгаварлаж байна гэх шүүмжлэл хүчтэй өрнөсөн юм.

Тиймдээ ч МАН-ын бүлгээр ахмадуудыг ялгаварлахгүй хандах, ижил тэгш байдлаар зээл тэглэх асуудлаар саналаа нэгтгэсэн бөгөөд дагаж мөрдөх журмын тухай хууль гаргахаар болсон юм. Тодруулбал, Тэтгэврийн зээлийг тэглэх дээд хэмжээ нь зургаан сая төгрөг бөгөөд үүнээс илүү үлдэгдэлтэй ахмадуудын тухайд үлдэгдлээ өөрөө төлж барагдуулах аж. Монголбанк болон Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр тэтгэврийн зээл авсан ахмад настны тоо 229 мянга бөгөөд үүнээс 21 мянга нь зургаан саяас дээш төгрөгийн зээлтэй аж. Тиймээс эдгээр 21 мянган ахмадууд зөрүү мөнгөө өөрөө төлж барагдуулахаар болж байна.

Мөн банкнаас зээл аваагүй 194 мянган ахмад настанд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалж гарах үнэт цааснаас сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэт цаас эзэмшүүлэх шийдэлд хүрчээ. Энэхүү сая төгрөгийн урамшууллыг 2021 оны тавдугаар сар гэхэд авч болно гэдгийг НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэлж байлаа.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлж буйгаар бол ахмад настанд тэтгэврийн зээлийг үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ингэхдээ эрсдлийг нь тооцож зургаан сар хүртэл жилдээ нэг удаа олгохоор болжээ. Чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагт эхлэх байсан ч хоёр байнгын хороо, МАН-ын бүлгийн хуралдаанаас үүдэн хойшилсоор 18.00 цаг өнгөрч эхэллээ. Хуралдаанаар эхлээд Байгалийн ургамлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Саранчимэг нар үг хэлж, нийт гишүүдийн олонхийн саналаар шинэчилсэн найруулгыг дэмжиж, харин хуучин хуулийн төслийг хүчингүй болгов. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Я.Содбаатар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хууль болон бусад дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж өгнө үү хэмээн хуулийн төслийн танилцуулгыг хийсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Н.Учрал, Л.Элдэв-Очир, Д.Дамба-Очир, Д.Эрдэнэбат, Б.Саранчимэг нарын гишүүд үг хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү арванхоёрдугаар сарын сүүлээр 100 гаруй тэрбум төгрөгийн зээл гарсан эсэх нь үнэн үү, мөн ваучер буюу эрхийн бичгийн талаар тодруулав.

Хуулийн төслийг танилцуулсан УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Ваучер гэж хэн ч яриагүй. Ийм үг яриад байх юм, гишүүд. Би үүнийг хэлээгүй. Үнэт цаас гаргана. 100 гаруй тэрбум төгрөгийн зээл гарсан зүйл огт байхгүй. Байнгын хорооны хуралдаанд бид мэдээлэл авсан. Өмнөх жилүүдтэйгээ адилхан хэмжээгээр зээл гарсан. ХААН банк 30 гаруй тэрбум, Төрийн банк 10 гаруй тэрбумын зээл гаргасан. Харин ч зээлийн эргэн төлөлт сайн байгаа гэдэг мэдээлэл өгсөн” гэв. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ мөнгө Найман шарга дээр очихгүй. Талхаа хувааж, есийн тосоо грамаар авч байгаа хүмүүст очно. Эдийн засгаа тэтгэж дэмжих, тэлэх бодлого болно. Инфляци өсөхгүй ээ, гишүүд ээ. Дэлхий даяар ам.доллар бүх валютын эсрэг суларч байна.

Хамгийн бага эрсдэлтэй, төрөөс төлчихдөг зээлийг хаана. Банкуудад ашигтай юм байхгүй. Зээлийн сезон дөрвөн сараас эхэлдэг юм. Нөхөлт хийснээр дотоодын эдийн засгаа л дэмжинэ. Приус болоод очдог юм биш ээ. Тооцоо судалгааг нь Монголбанкны эдийн засагч нар хийчихсэн. Буруу зөрүү ярьж, нийгэмд савалгаа үүсгэмээргүй байна. Улс төрийн оноо гэж байхгүй гэсэн юм. Тэгшитгэж мөнгө олгохоор нийгэмд савлагаа үүсгэдэг. Харин ч зорилтот бүлгээ олсон гэж бодож байгаа шүү. Худлаа мэдээлэл өгөхгүй шүү.

10 саяас дээш төгрөгийн зээл арванхоёрдугаар сард өгсөн асуудлыг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгах байх” гэсэн юм. Харин “ШИНЭ” намын зүгээс 770 гаруй тэрбум төгрөгөө нийт ахмадууддаа ижил тэнцүү хувааж өгөх ёстой хэмээж, чихрийн цаас буюу сая төгрөгийн үнэт цаас авах гэж байгаа ахмадуудыг Төв талбайд цуглахыг уриалав. Харин УИХ-ын гишүүн Н.Учрал “194 мянган ахмадын асуудлыг би хөндсөн юм аа. Цагаан сараар авах гээд л хүлээж байсан хүмүүс шүү дээ. Энэ хүмүүсийг битгий орхиоч гэж эсэргүүцсэн.

Үүнийг маань хүлээж авсанд баярлалаа. Ер нь хоёр жилийн дараа дахиад тэтгэврийн зээлийн асуудлыг яриад сууж байх уу. Цаашдаа реформ хийх ёстой. Хувийн тэтгэврийн сан бий болгоё оо. Хүссэн газраа тэтгэврийн даатгалаа төлөөд хувьцаа авдаг, түүнийхээ үр шимийг хүртдэг тогтолцоо руугаа явуулмаар байна” гэсэн юм. Тэгвэл тэтгэврийн реформыг эхлүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Жавхлан гишүүн ахалж буйг УИХ-ын дарга дуулгалаа. 

Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Зарчмын хувьд дэмжиж байна. Гагцхүү үүнээс гарах сөрөг үр дагаврыг Засгийн газар хэрхэн харж байна вэ. Зөвхөн Салхитын алт, мөнгөний ордоор бүрэн шийднэ гэж харахгүй байна. Нэг удаа тэглээд орлогоор нь барьцаалж байгаа үнэт цаас нь ямар баталгаагаар хийгдэж байна вэ. Алт, мөнгөний нөөцийг хэн тодорхойлоод яваад байгаа вэ.

Хоёрдугаарт, тэтгэвэр барьцаалсан зээлгүй 194 мянган ахмадад компанийн үнэт цаас өгнө гэлээ. Ямар үнэт цаас юм. Өрийн бичиг юм уу, нэг эсвэл хувь эзэмших эрхийн бичиг юм уу. Ялгааг нь гаргахгүйгээр цаашаа явж болохгүй. Салхитын мөнгөний ордоо 2021 оны тавдугаар сар гэхэд ашиглаж дуусаад өгөх юм уу.

Сонгуулийн шоу гэж хараад байгаа. Энэ чинь өөрөө инфляци хөөрөгдөж, эдийн засгаа баллах вий дээ. Ахмадуудын өрийг тэглэж буйг эсэргүүцэх хүн байхгүй ээ” гэлээ. Харин ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар “Ажлын хэсэг олон талаас нь ярилцсан. Ахмадаа алагчлахгүй, хавтгайруулахгүй гэж шийдсэн. Зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн гэж бодож байгаа. Салхитын орд 850 тонн мөнгө, 1.1 тонн алттай. Уулын ажил явагдаад эхэлчихсэн. 500-гаад мянган тонн хүдэр гарчихсан орд. Эндээс их наяд төгрөгийн орлого орж ирнэ гэж дүгнээд эндээс эдийн засагт савлагаа үүсгэхгүйгээр ахмадууддаа үнэт цаас эзэмшүүлье гэж ярьсан юм. Шууд бэлэн мөнгө нийлүүлчихээр савлагаа үүснэ” гэсэн хариулт өглөө. Улмаар, хуралдааны төгсгөлд байнгын хороодоос орж ирсэн зүйл заалт бүрээр санал хураалт явуулж, нийт гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.