ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрөөс 200 гаруй мянган ахмадын тэтгэврийн зээлийн зургаа хүртэлх сая төгрөгийг төлнө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-13

УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаанаар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг баталлаа.

Ингээд хуулийн төслүүдтэй холбогдуулан онцлох эшлэлүүдийг хүргэж байна.  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулсан юм.  Нийгмийн даатгалын сангаас 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа билээ. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа төрөөс тэглэх хууль анх орж ирэхдээ өртэй байгаа 230 мянган иргэнийг хамруулах байсан. Хэлэлцүүлгийн явцад 194 мянган ахмадууд орхигдох гэж байна. Тиймээс энэ хүмүүсийг орхихгүй асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн. Үүнд улс төрийн ямар ч талцал хуваагдал байх шаардлагагүй. Асуудлыг ярьж зөвшилцөж шийдвэрлэсэн. Бүх нам, бие даагчдын санал туссан. Нас барсан иргэдийн өрийг бүрэн дуусгах болсон. Энэ хууль хэрэгжихгүй 194 мянган ахмадад чихрийн цаас тараалаа гэж байна. Ингэж битгий яриарай.

НХХ-ийн сайд С.Чинзориг:
-Тэтгэврийн зээл тэглэх хуулийн төслийг дагаж мөрдөх тухай хуулийн төслийг ажлын хэсгээс санаачлан оруулж ирж байна. Үнэт цаасны хүүгийн зардлыг бууруулах заалт орж ирсэн. Бонд босгох, худалдаалах нь нийгмийн даатгалын сантай холбоотой болгоод оруулсан. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 
-Зургаан сараар тэтгэврийн зээл авч болно гэж байна. 100 мянган төгрөг тэглүүлчихээд сая төгрөг авч чадахгүй байна гэдэг гомдолтой байна шүү дээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэн юу хэлэв

 

УЕП-ын орлогч М.Чинбат:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор мөрдөн байцаалтын хугацааг хэрхэн, яаж тоолох уу гэдэг зохицуулалтад өөрчлөлт орж байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогсохоор Эрүүгийн хуульд журамлаж өгсөн.  Үүнтэй адил мөрдөн байцаалтын хугацаанд тухайн хүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан бол мөрдөн байцаалтын хугацааг хэрхэн яаж тоолох уу гэдэгт хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж байгаа.Журмын тухай хуульд манай байгууллага санал бичгээр өгөөгүй.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 
-Малын хулгайч нарт ногдуулах ялын бодлогыг чангатгаж, 240-250 цагаар нийтэд тустай ажил эрхлэх гэдгийг өөрчлөх. Захиргааны хариуцлага ногдуулахын оронд Эрүүгийн хариуцлага оноох ёстой гэж үзэж байна. Малын хулгайтай тэмцэхэд Ялын бодлогыг чангатгахаас гадна малчдын нөхөрлөл бий болгох, мэдээллийн баазыг өргөтгөх зэргээр ажиллах шаардлагатай. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-2019 онд 1900 малын хулгайн гэмт хэрэг гарсан. Үүнээс 379 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. 2800 орчим хүн малын хулгайн гэмт хэрэгт холбогдсон. 2800 хүнээс 592 хүн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа. Бусад 373 хүн нь тэнсэн харгалзах ял, торгуулах, нийтэд тустай хөдөлмөр эрхэлж байна. Мөн 219 хүн шоронд хоригдож байна. Малын хулгайг бүлэглэж олуулаа хийдэг. Нэгэндээ ацагладаг. Хууль хяналтын байгууллагад баригдахаар нэгэндээ тохдог. Бүлэглэж хулгай хийхээр ял хүндэрдэг учраас ийм зохицуулалт хийж ял завшиж, 2500 -гаад хулгайч бидний дунд үлддэг. Дахиад дараагийн хулгайгаа хийдэг.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Хөөн хэлэлцэх хугацааг үгүй хийсэн ийм хууль баталсан гээд үүнтэй холбоотой дуулиан их гарсан. Үүнд бодит тайлбар авмаар байна. Энэ хугацаанд улсад хохиролтой хэдий хэмжээний авлигын хэрэг хэрэгсэхгүй болов. Хөөн хэлэлцэх хугацааг урдаас ярьж төлөвлөж оруулсан гэж би хувьдаа ойлгодог. Ийм ойлголттой хүмүүс ч олон бий.