ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Чинзориг сайдыг огцруулах шаардлага хүргүүллээ

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-06-21

Өнөө өглөөнөөс эхлэн Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг огцруулах жагсаалыг тус яамны үүдэнд хийж байна.

Жагсагчид “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байгааг эрүүл мэндийн салбарын ажилтнууд эрс эсэргүүцэж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан” тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, жагсаал цуглаан, ажил хаялтын өмнөх суултыг есөн хоногийн турш хийж, үсээ хусан тэмцсэний үр дүнд цалин нэмэгдүүлэх асуудлаар олон хоног хэлэлцэж тохиролцоонд хүрч хэлэлцээр байгуулсан. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн дагуу хэлэлцээрийг бүртгүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлэхэд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засгийн газар, Засаг дарга нарын аливаа шийдвэр нь төсөвт үзүүлэх нөлөөлийн талаарх дүгнэлтэнд үндэслэсэн байх”, 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж үзэж бүртгэхээс татгалзсан хариу ирүүлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн хэлэлцээрт  хууль бусаар саад саад учруулж, хөндлөнгөөс оролцож байгаа С.Чинзориг сайдыг нэн даруй огцруулахгүй бол 2018 оны зургадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэж байна” гэв. Жагсагчид уг шаардлагаа УИХ-ын даргад өнөөдөр хүргүүлэх аж.