ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч асан Н.Багабанди зээл аваагүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр олон нийтэд хандаж үг хэлэхдээ ахмадуудын тэтгэврийн зээлийн өрийг тэглэх шийдвэр ҮАБЗ-өөс гарсан гэдгийг мэдэгдсэн юм. Тэр дагуу Засгийн газар шинэ оны дараахан хуулийн төсөл өргөн барьж, долоо хоногийн хугацаанд УИХ-аар хэлэлцэн баталсан билээ. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Шинэ оны өмнөхөн 100 гаруй тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл гарсан байна. Мэдээлэлд ойрхон хүмүүс давуу байдлаа ашигласан уу. Тэтгэврийн зээл тэглэх ёстой гэдэг шийдвэр хэзээ гарсан бэ. Баримт олж өг” хэмээн даналзсан. 

Гэсэн ч эрхэм гишүүн худлаа хэлсэн нь мэдэгдэж, эцэстээ “Би соошлоор тийм мэдээлэл явж байна гэж хэлсэн. Тэр үнэн эсэхийг тодруулаарай гэж хэлсэн” хэмээн булзааруулж байв. Тэгвэл өнгөрөгч долоо хоногоос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди шинэ оны өмнөхөн 20 сая төгрөгийн тэтгэврийн зээл авсан гэх мэдээлэл мөн л соошл орчинд тавигдсан билээ. 

У.Хүрэлсүхийн ард байдаг энэ хүн мэдээлэлд ойрхон байдлаа ашиглан зээл авлаа хэмээн шуурч эхэлсэн. Тэгвэл, Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Өнөөдөр” сонины тэргүүн нүүрт “ХААН” банкнаас авсан тайлбар, мэдүүлгээ нийтэлж, өөрийгөө зээл аваагүй гэдгийг нотолжээ. Банкны мэдэгдэлд “Н.Багабанди нь ХААН банкнаас тэтгэврийн зээлээ авдаг хэдий ч ямар нэг байдлаар зээлтэй биш болно” гэсэн байна.