ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Бат-Үүл шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-14

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар Э.Бат-Үүлд холбогдох Зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогч Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцсэн билээ.

Зөрчилд холбогдогч Э.Бат-Үүл нь өнгөрөгч оны долдугаар сарын 20-ны өдөр өөрийн “Эрдэнийн Бат-Үүл” нэртэй твиттер хуудсанд сэтгэгдэл оруулж, ЕТГ-ын дарга З.Энхболдын нэр төр, алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан буюу Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гүтгэх” зөрчилд холбогдсон байдаг.

Улсын баатар Э.Бат-Үүлийг хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан гэх хэрэгт буруутгаж, 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан билээ.

Улмаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлийг 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тэгвэл энэ хэргийг өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх байсан ч шүүгчийн биеийн байдал муудсан учраас өнөөдөр үргэлжлүүлэхээр болж хойшлуулсан байлаа. Гэсэн ч өнөөдөр шүүх хурал эхлэхэд Э.Бат-Үүл “...шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах...” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулжээ. Гэсэн ч Э.Бат-Үүл үүнийгээ З.Энхболд шүүх хуралд ирээгүй учраас хойшлуулсан гэх мэтээр тайлбарлажээ.