ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Энэтхэг улс Восточный боомтоор дамжуулан Монголоос коксжих нүүрс авна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-14

Энэтхэг улс нь ОХУ болон Монголоос коксжих нүүрс импортлох яриа хэлцэл хийж эхэлсэн талаар тус улсын Газрын тос, байгалийн хий, гангийн асуудал эрхэлсэн дэд сайд нь мэдэгдсэн талаар "Bloomberg Quint" мэдээлсэн билээ. Тэгвэл тус улсын Холбооны сайд нь энэхүү мэдээллийг албан ёсоор баталгаажуулжээ. 

Энэтхэг улс нь гангийн үйлдвэрлэлдээ нүүрсний салбарт томоохон өрсөлдөгч болох Австралиас коксжих нүүрс импортолдог байсан. Гэсэн ч нэг улсын хэт хамаарлаа багасгах, улмаар чанартай нүүрс авахын тулд Монгол Улстай яриа хэлцэл эхлүүлж, тээвэрлэлтийг ОХУ болон Монгол Улстай хамтран шийдэхээр болсон аж. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын Восточный боомтоор дамжуулан Монгол Улс нь Энэтхэг улсад нүүрсээ хүргэх боломжийг хоёр тал судалж эхэлжээ. 

Энэтхэг улсын зүгээс энэхүү саналыг 2016 оноос эхлэн тавьсан бөгөөд өмнөд хөршийн боомтуудаар гаргах боломжийг судлах талаар ярилцаж байлаа. Гэсэн ч илүү өргөн боломж, илүү хямд өртгөөр Восточный боомтоор гаргах талаар ярилцаж эхэлжээ. Тус улсын нүүрсний экспорт хоёр жилийн дараа гэхэд даруй 20 сая тонноор нэмэгдэж, 80 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд 2031 он гэхэд 300 сая тонн металл боловсруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Ийнхүү Монгол Улсын коксжих нүүрс гуравдагч зах зээлд гарах боломж, нэг алхам урагшилж байна.