ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дэд сайд асан Т.Болдбаатарын охин батлан даалтад гарчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-14

Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.М-ыг гэгчийг сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байхад нь цагдаагийн байгууллагын албан хаагчид илрүүлж, “Viva city” хороолол орчимд байдаг зочид буудлаас өнгөрсөн ням гарагт баривчлан саатуулсан билээ. Охин хэсэг этгээдүүдийн хамтаар мөс буюу метам фетамин гэх бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон байна.

Тэгвэл өнөөдөр мөрдөн байцаагчийн эрхийн хүрээнд түүнийг саатуулах хугацаа дууссан учир түүнийг батлан даалтад гаргаж, суллажээ. Дэд сайд асны охин Б.М энэ төрлийн гэмт хэрэгт 2015 онд холбогдож шалгагдсан түүхтэй. 

Тэр үед ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн тусгай ажиллагааны газартай хамтран Монгол Улсад хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг Г, М, Н, Б, А, С, М, Б, Т гэсэн нэр бүхий есөн хүнийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол зэрэг дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан ба тэдний дунд дэд сайдын охин байсан юм. 

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192,2 192,3,4 192,3,5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч хэргийг нь хэрэгсэхгүй болгож, суллаж байсан аж. Угтаа нөлөө бүхий эрхмүүд хүүхдүүдээ нэг нэгээр нь сугалж авсаар хэргийг чимээгүй болгож байсан хэмээн хэвлэлээр бичиж байсан юм.